Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хяналтын шатны шүүх хурлаар хэлэлцүүлэх, эсэхийг өчигдөр шийдвэрлэлээ.

“Өмнөд монголчуудын соёлын холбоо”, “Монгол хүн монгол хүндээ тусалъя” зэрэг төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Мөнхбаярыг гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан гэм буруутайд тооцон 10 жил хорих ял шийтгэсэн билээ. Түүнд холбогдох хэргийг Тагнуулын ерөнхий газрынхан шалгаж, НПГ-аас Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн юм. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг өнгөрсөн зургадугаар сард хэлэлцээд гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хамтран ажилласан гэм буруутайд тооцож нээлттэй хорих ангид 10 жил ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн бол нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээсэн билээ. Харин Дээд шүүхийн Эрүүгийн танхимын нийт шүүгч хуралдаад уг хэргийг хяналтын шатны шүүх хурлаар хянан үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн байна. Тиймээс хурлыг удахгүй товлон хэлэлцэхээр болж буй аж.

Шүүгдэгч Ч.Мөнхбаяр эрхээ өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нараар хамгаалуулж буй бөгөөд нэмж хуульч Т.Саруулаас өмгөөллийн үйлчилгээ авахаар болсон байна. Ташрамд дурдахад, Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос Г.Баасан, А.Батдорж нарыг ёс зүйгээ, хуулиа зөрчиж, хаалттай хэргийн талаар олон нийтэд мэдээлсэн гэх үндэслэлээр өмгөөлөх эрхийг нь хасаад буй юм.