Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат өчигдөр (2023.12.18) эхэлсэн. Хянан шалгах түр хорооны даргаар Б.Энхбаяр гишүүн ажиллаж байгаа бол бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Г.Ганболд, Б.Жаргалмаа, Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар, С.Ганбаатар, Д.Ганбат, Т.Доржханд, О.Цогтгэрэл нар ажиллаж байна.
Өчигдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор
1) “Эрдэнэс таван толгой” ХК болон “Тавантолгой” ХК-ийн тээврийн үйл ажиллагаа, нүүрсний экспорт;
2) Нүүрс тээврийн “С” зөвшөөрөлтэй холбоотой асуудал;
3) Гааль, хилийн цэргийн албан хаагч нартай холбоотой асуудлыг тус тус хэлэлцсэн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, яллагдагч УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн гэрчээр оролцсон.
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн сонсголын үеэр хохиргчийн дүр тоглох гэсэн боловч амжилт олоогүй. Улмаар “ширэн нүүртэй” гэхэд ч багадмаар худлаа ярьсан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийнх нь эцсийн өмчлөгч нь Британийн Виржинийн арлуудын оффшор бүсэд бүртгэлтэй компанийн эзэн, Туркийн иргэн Мансур Темел гэдэг хүн байдаг гэнэ. Эцсийн өмчлөгчөө сайн мэдэхгүй ухааны юм ярьж суух юм.
Бас болоогүй ээ, УИХ-ын гишүүн болохоос нь өмнө яллагдагчаар татсан, АТҮТ-ийн хэлтсийн дарга Х.Доржпаламд 100 000 ам.долларын хахууль өгсөн хэргээ “Надаас удаа дараа мөнгө зээлэх хүсэлт тавьсны дагуу эгчээрээ дамжуулж зээлдүүлсэн” гэж гудийхгүй худлаа ярьж байдаг шүү. Нөгөө Х.Доржпалам нь 100 000 ам.долларын хахууль авсан хэргийнхээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулж шийдүүлчих гээд байсан түүхтэй.
Улстөрч болчихоод, намынхаа ах нарын “нөөлгөөр, нөлөөгөөр” хэргээ нэг удаа хүчээр хэрэгсэхгүй болгуулж байсныгаа гэм буруутайг нь тогтоогоогүй гэж мөн мэлзсэн. Хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан хүнийг нь ухвал өчнөөн хууль бус үйлдэл гарч ирэх байсан учраас нөгөөх нь бушуухан шиг хэргээ хялбаршуулж шийдүүлчихээд хариуцлага хүлээсэн болоод алга болчихсон түүх уг нь мартагдаагүй л байгаа л даа А.Адъяасүрэн гишүүн ээ !!!