Баян-Өлгий аймгийн Ногооннуур сум дахь Цагааннуур хилийн боомтоор энэ сарын 4-нд орж ирсэн гадаадын иргэн галт зэвсэг нэвтрүүлэхийг завджээ.

ОХУ-ын иргэн С нэлээд орой болсон хойно улсын хилээр орж ирсэн бөгөөд ингэхдээ гар тээшиндээ буу хийсэн байсан гэнэ. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр тэрбээр дохионы СП загварын буу авч явсан бөгөөд өдгөө тус аймаг дахь Цагдаагийн газарт энэ хэргийг шалгаж байгаа аж. Манай улсад хүчин төгөлдөр үйлчилж буй Галт зэвсгийн тухай хууль болон түүнийг дагалдуулан баталсан журамд зааснаар тусгай зөвшөөрөлтэй иргэн, аж ахуйн нэгж л хилээр буу, сум, хэрэгсэл нэвтрүүлж болдог билээ.
Галт зэвсэгтэй холбоотой өөр нэгэн мэдээлэл хүргэе. Дархан-Уул аймаг дахь зэвсэгт хүчний 330 дугаар ангийн нууцын хэрэг хөтлөгч албан тушаалд ажиллаж байсан Г.Б-ыг байлдааны галт хэрэгслийг хувьдаа авч завшсан гэх хэрэгт холбогджээ. Түүнд тус аймаг дахь Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 28.7-1 дэх хэсгийн “Цэргийн алба хаагч өөрт нь хэрэглүүлэхээр тавьж олгосон цэргийн хувцас, хэрэгсэл, эд зүйлийг бусдад худалдаж, арилжиж, бэлэглэж, барьцаанд өгч завшсан, тэдгээрийг арчилж хамгаалах, хэрэглэх үүргээ биелүүлээгүй” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.