“Бурханч лам” хэмээн олноо хүндлэгдсэн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Бурханы шашны зүтгэлтэн нэрт Ганхүүгийн Пүрэвбат жанч халж, бурханы шашин, дүрслэх урлагийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз учирлаа.

Тэрбээр 1965 онд Төв аймгийн Борнуур суманд 15 хүүхэдтэй айлын долоо дахь хүү болон төрсөн.

1982-1985 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг монгол зургийн мэргэжлээр төгсөж, Урчуудын эвлэлийн хороонд “Монгол зураг”-ийн зураачаар ажиллаж байгаад цэргийн алба “Хүндэт харуул”-ын ангид хаасан байна.

Цэргээс халагдан, 1987-1990 онд Шашны дээд сургуулийн урлахуйн ангид элсэн суралцжээ. Улмаар 1990 онд Энэтхэгийн Дарамсалад очиж гурван жил Төвөдийн Бурхан урлалын сургуулийн урлахуйн ангид суралцсан.

Г.Пүрэвбат нь нутагтаа 2010 оноос Аглаг бүтээлийн хийдийг үүсгэн байгуулж “Өлзийг бадруулагч хийд орон” болно хэмээн айлдсан байдаг. Өдгөө энэ хийд нь сүсэгтэн олон гадаад дотоодын жуулчдын очих дуртай газар болоод байгаа юм.

Талийгаачийн төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Эх нутагтаа эргэн төрөх болтугай.