Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт гурван шатны шүүхээс ял сонссон иргэн Т.Чимгээг Монголын хууль шүүхийн байгууллага цагаатгаж сулласан билээ. Тэрбээр таван жил хорих ангид хоригдсон бөгөөд өнгөрсөн хугацаанд эдэлсэн сэтгэл санаа болон бие махбодиороо хохирсон хохирлоо төрөөс нэхэмжилж, шүүхэд хандаж байгаа талаар түүний өмгөөлөгч нь мэдэгдсэн байсан.

 

 

Тэгвэл иргэн Т.Чимгээ “Миний бие ялтан Ц.Амгаланбаатарын худал мэдүүлэг болон ТЕГ-ын зохиомол хэргийн золиос болж эрүүл мэнд, сэтгэл санаа, алдар хүнд, амьдралаараа хохирсон. Эрүүдэн шүүгдэж, бие сэтгэл санааны хүнд дарамтад өртөж нэр төр, алдар хүнд, эргэж олдохгүй цаг хугацаа, үр хүүхдийнхээ амь насаар хохирсон, үлдсэн насандаа “алуурчин” гэх гүтгэлэг доромжлолын төлбөрт 48 тэрбум төгрөгийг төрөөс нэхэмжилж байна” гэжээ. Энэ мөнгийг төр гаргаж өгөх ёстой билүү, хууль шүүхийг завхруулсан хуудуутай этгээдүүд гаргаж өгөх ёстой билүү гэдгийг олон нийт харах бизээ.

 

Харин  УИХ, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгэгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтарч ажиллах, санал боловсруулж танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ахална гэсэн.