Өнгөрсөн онд болсон төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын, мөн саяхан болж өнгөрсөн эмэгтэй ахлагч нарын чуулга уулзалт дээр яригдсан тэдний амьдралд тулгамдсан гол асуудал бол албан тушаалын орон сууцны хангамж  байлаа. Албан тушаалын орон байр гэдэг нь тухайн алба хаагчийг ар гэртээ санаа зоволтгүй ажил үүргээ гүйцэтгэн албаа сэтгэл хоёрдолгүй хаах нөхцөл юмсан.

 Даанч манай төрийн цэргийн байгууллагуудын нэг болох батлан хамгаалах салбарын удирдах дээд албан тушаалтнууд  өөрийн гэсэн тохилог орон сууцтай байж захирагдагсдаа биш өөрийн хар амиа хичээн, зорилтот бүлэг болох анги салбарт ажиллагсдад зориулан сүүлийн 15  жилийн дотор нийслэлд төвийн дүүргүүд дэх Зэвсэгт хүчний ангиудын байрлалд төсвийн хөрөнгөөр баригдсан төвлөрсөн халаалттай орон сууцнуудыг эрх мэдэл албан тушаалаа ашиглан хувьдаа авцгаасан. Авсан сууцандаа өөрөө биш хамаарал бүхий этгээдүүдээ оруулах, эсвэл бусдад түрээслэн ашиг олцгоож байсан. Байсан гэж хэлэхийн учир авлигач генерал хурандаа нар эрх мэдлээрээ түрий барьж авсан албан тушаалын орон сууцнууд байрладаг газрыг УИХ-ын  2019 оны намрын чуулганы хаалттай хуралдаанаар нууцын зэрэглэлтэй тогтоол гаргуулан тусгай хэрэгцээний газраас хасуулсан. Уг тогтоолыг үндэслэн 2020 оны эхээр Засгийн газраас нийслэл дэх Зэвсэгт хүчний ангиудын сүүлийн 15 жилийн дотор баригдсан албан тушаалын орон сууцнуудыг хувьчлах тогтоол гарч хувьчилсан.  Үүнийгээ тус салбарын генерал хурандаа нар “олон мянган залуу офицер ахлагч нар маань өөрийн гэсэн байр сууц байхгүй.Тэдэнд зориулж албан тушаалын орон сууц барих санхүүгийн эх үүсвэрээ одоо ашиглаж байгаа сууцнуудыг эзэмшиж байгаа хүмүүст нь хувьчлан олсон мөнгөөр босгоно. Зэвсэгт хүчний хөгжлийн санд мөнгө байхгүй гэж тайлбарласан. Тэгсэн атлаа 1970-1980-аад оны үед ашиглалтад орсон нийслэлийн Налайх, Хан-Уул, Баянзүрх дүүргүүд болон Дорноговь аймгийн Зүүнбаян дахь цэргийн ангиудын албан тушаалын сууцнуудыг хувьчлуулаагүй. УИХ-ын гишүүн Н.Энхболд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа 2020 онддахин сонгогдохын тулд санал авах зорилгоор Төв аймгийн Зуунмод хот дахь 016 дугаар ангийн орон сууцнуудыг үнэгүй хувьчилсан.

Цэргийн тэтгэвэрт гарах, өөрийн хүсэлтээр болон өвчний учир ажлаасаа чөлөөлөгдөх, сахилгаар албанаас халагдах зэрэгт албан тушаалын орон сууцыг суллан дараагийн хүнд шилжүүлэх заалт Батлан хамгаалахын сайдын тушаалаар батлагдсан “Албан тушаалын орон сууц ашиглах журам”-нд байдаг боловч хэрэгжилт тун хангалтгүй. Мянга мянган тэтгэвэрт гарсан ахмадууд байраа суллаж өгөхгүй дээрх дарга нартайгаа барьцаж байдаг.2019 онд Дорноговь аймгийн Зүүнбаян дахь цэргийн анги нь өөрийн албан тушаалын орон сууцанд амьдарч байсан ахмадуудаа хууль хэрэгжүүлэн тус аймгийн сум дундын шүүхээс шийдвэр гаргуулан албадан хөөж гаргасан. Гэтэл нийслэл дэх сүүлийн үед баригдсан албан тушаалын 590 айлын сууцанд тус салбарын удирдах албан тушаал хашиж явсан олон арван генерал хурандаа нар авсан атлаа тэдэнд хууль үйлчлэхгүй байна. Зүй нь Иргэний хууль \ 311 \, Орон сууц хувьчлах тухай хуульд \6.1.5\ албан тушаалын орон сууцнуудыг хувьчлахыг хориглосон байдаг.

Өнөөгийн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр эрх мэдлээ урвуулан ашиглан өөртөө болон бусдад давуу байдал олгон дээр дурдсан сүүлийн 15 жилийн дотор баригдсан нийт 590 айлын албан тушаалын сууцнуудыг 30 хувийн хөнгөлөлттэй үнээр хувьчлах Засгийн газрын тогтоолыг гуйвуулан 70 хувийн нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр хувьчлах тухай тушаал гаргасан.

Дээрх 590 айлын сууцанд цэргийн анги салбарт ажилладаг эгэл жирийн офицер ахлагч нар гэхээсээ илүүтэй өөрийн гэсэн тохилог орон сууцтай БХЯ, ЗХЖШ-ын удирдах тушаалын генерал хурандаа  нар, мөн батлан хамгаалах салбарт алба хаадаг тэдний хамаарал бүхий этгээдүүд, тэдний удирдлаган дахь ахлах офицерууд, албаных нь машины жолооч нар түлхүү орцгоосон.

 

Г.Сайханбаяр сайд зөвхөн энэ удаа ч биш.Өмнө нь 2008 онд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 48 айлын сууцнаас бас авсан.

Батлан хамгаалах салбарт чин сэтгэлээсээ хоёргүй сэтгэлээр алба хаадаг хирнээ өөрийн гэсэн орон гэргүй мянга мянган залуу офицер ахлагч нар гар дээр авдаг цалингийнхаа талаар гадуур өндөр үнээр байр түрээслэж байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр удаа дараа дарга сайд, генерал хурандаа нарынх нь энэхүү бусармаг үйлдлийн талаар мэдээлэл гарсан нь залуу офицер, ахлагч нарын албандаа итгэх итгэлийг сулруулж, улмаар орхиход хүргэсэн. Өнөөдөр Зэвсэгт хүчний анги салбарт байнгын бүрэлдэхүүнйи нөхөн хангалт тун хангалтгүй жилээс жилд буурч байгаагын гол шалтгаан нь энэ.

               Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нь гаргасан тушаалаа өөрөө зөрчиж өөрйин гэсэн тохилог орон сууцтай 4 хүнд буюу ЗХЖШ-ын дарга асан, бэлтгэл дэслэгч генерал Ц.Бямбажав, Олимпийн мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар,  гавьяат тамирчинО.Гүндэгмаа, Улсын арслан Ганбат, тус салбарын бус сэтгүүлч Батцэнгэл нарт эзэмшиж байсан сууцнуудыг нь үнэ төлбөргүй, өөрийнхөө суралцаж төгссөн ҮБХИС-ийн Нийгмийн ухааны  ахмад багш нар болох 11 дүгээр хороололд өөрийн гэсэн байртай Гавьяат багш А.Гэлэгжамц, мөн өөрийн гэсэн хэд хэдэн байртай Ардын багш Г.Мягмаржав \Таван толгой түлш компаний захирал асан М.Ганбаатарын аав\ нарт 90 хувийн хөнгөлөлттэй үнээр тус байрнуудаас өгсөн байна.

              Маршал таунд байртай Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Г.Сайханбаяр, 15 дугаар хороололд байртай БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, Чингэлтэй дүүрэгт байртай Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, Баянзүрх дүүргийн Сувдан сондор хотхонд байртай ЗХЖШ-ын Нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, Зайсанд байртай Агаарын цэргийн штабын дарга асан хошууч генерал Б.Эрдэнэбат, ЗХЖШ-ын дарга асан дэслэгч генерал Д.Ганзориг гээд дандаа өөрийн гэсэн тохилог орон сууцтай атлаа увайгүй шуналтай генерал хурандаа нар авсан.Энд нэр дурдаагүй олон генерал хурандаа нар байгаа болно.

               Батлан хамгаалахын сайдын дээр дурдсан нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр хувьчлах тушаалаар маш хямдхан буюу ашиглалтад орсон оноосоо шалтгаалж 5 саяас 24 саяар сууцтай болсон этгээдүүд ихэнх нь нэгэнт захиран зарцуулах эрхтэй болсон тул сууцнуудаа 70-100 гаруй саяын хооронд дамлан зарж ашиг олцгоосон.

Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Г.Сайханбаярын гаргасан тушаал түүний хэрэгжилт нь Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан Нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал олгосон Авлигын гэмт хэрэг мөн.

Харамсалтай нь манай “сонор чихтэй”, “соргог чихтэй” АТГ уг асуудлыг мэдсэн ч мэдээгүй царайлж байгаа нь гайхалтай. Бүх ард түмнээс сонгогдон албан тушаалдаа орох тангараг өргөхдөө хүн засагладаггүй, хууль засагладаг төрийг байгуулахаа амласан ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн төгссөн цэргийн сургуулийн нэг ангийн найз болох Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Г.Сайханбаярынхаа энэхүү хууль илт зөрчсөн үйлдлийг мэдсэн ч мэдээгүй царайлж байна. Г.Сайханбаяр нь энэ жил УИХ-ын сонгуульд аав Гүрсэдийнхээ нутаг болох Архангай аймаг орсон тойргоос нэр дэвшихээр өөрийн хариуцсан салбарын бүхий л бололцоог тэр тойрог руу дайчлан ажиллаж байна. Гишүүний халдашгүй эрхийн хамгаалалтад орохыг хүсэж байгаа бололтой.

Жорж Орвеллийн “Амьтдын ферм” зохиолд Амьтан бүхэн тэгш эрхтэй, тэр дундаа гахайнууд бүр ч илүү эрхтэй гэсэн байдаг. Түүн лүгээ цэргийн алба хаагч бүр алба хаах хугацаандаа албан тушаалын орон сууцаар хангагдах эрхтэй, генерал мөн тэр сууцаар хангагдах эрхтэй бүр үнэгүй авах эрхтэй болж байх шиг болсон аж.