Р.Эмүжин: Алтайн хүдэр жилд 2.5 сая тонн төмрийн хүдэр урагшаа зөөдөг.

Энэ баян Базараагийн “Алтайн хүдэр” компани Говь-Алтайд олборлолт явуулаад 15 жил болж байгаа. Цээл сумын Таяннуурын төмрийн хүдрийн орд газрыг эзэмшдэг. 2006 онд байгуулагдсан, 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай компани гэдэг боловч үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй. Байгаль орчны нөхөн сэргээлт хийдэггүйн улмаас 10.8 тэрбумын татварын торгуультай. Өнгөрсөн 2023 онд 15 тэрбумын ашигт малтмал ашиглалтын зэрэг албан татварын өртэй гарчээ. Жилдээ 2.5 сая тонн төмрийн хүдэр Хятад руу гаргадаг. Анх олборлолт явуулж эхлэхдээ цахилгаан станц барьж өгнө, 200км хатуу хучилттай зам тавина гэж амлаж байсан боловч өнөөг хүртэл худал болжээ.

Алтайн цэнхэр уулсыг, Таяннуур орчмын нутаг орон, тэр дундаа Цээл сумынхныг амьдрахад хүнд хэцүү нөхцөлд оруулсан, олборлолт, тэсэлгээ, зөөврийн тоосонцор нь хааш хаашаа 100км газрыг харагдах орчингүй болгодог. Алаг хайрхан, Бор гол орчмын нутаг нэлдээ саарал тоосонцор дунд харагдахаа больж, малынх нь уушги давжааран, сумын иргэд дайжин нүүх болжээ. Цээл сумыг үгүй хийж, цэнхэр Алтайг тоосонцороор булж, баялгийг нь хором тутамд урагшаа ачуулж байгаа хэрнээ татварт өртэй, түмэнд тээртэй! Нэгэнт барьсных сайн шалгаад, Алтайн ард түмний эрүүл мэнд сэтгэл санааны хохирлыг барагдуулаад өгөөрэй дээ. Шүүх болгонд ямар ч хамаагүй аргаар ялж, шүгэлдсэн болгоны амыг хаадаг юм билээ. Таяннуурын орд газраа ухууллаа гээд Алтайнханд лав хожоо үгүй, хохирол харин хэтийдсэн юм билээ шүү. 1500 ажлын байр гаргасан гэдэг ганц үгээр ам хаадаг, орон нутгийнханд ээлгүй, орсон гарсан гадныхан нь ам муутай, Улаанбаатараас 1300км-т хүний хөл цөөн хүрэх, хүчит жигүүртэн ч цөөхөн үзэгдэх хязгаар нутагт, төрөө эзгүйчлэн, түмнээ элэг барин хяналтгүйгээр дураараа дургиж байгаа компани даа. Ядаж энэ мэтийн язайтал даварчихсан компаниудаас татвараа авч, Баялгийн сандаа нэмэрлэж, хойч үеийнхэнд өвлүүлмээр байна, үр хүүхэддээ ч хувь авмаар байна. Ерөнхий сайд хуулийг нь өргөн бариад байсан биз дээ, ерөөсөө энэ нүд чихнээс алс далд, уул уулын мухар, ус усны эх ухаад зөөж байгаа нөхдөөс татвараа авч эхэлмээр байна!