“Counter Strike 2” тоглоомын дэлхийн чансааг тэргүүлэгч багуудын дунд жил бүр зохион байгуулагддаг ESL Pro League цуврал тэмцээний 19 дахь улирлын тоглолтууд Мальта улсад болж байна.

Ирэх сарын 12-нд аваргаа тодруулах тус тэмцээнд нийт 32 баг оролцож байгаа бөгөөд 750 мянган ам.долларын шагналын сантай. Тус тэмцээнд Ази тивийг төлөөлж Хятадын Tyloo, манай улсаас The MongolZ баг оролцож байгаа.

“The MongolZ” хэсгийн шатны эхний тоглолтоо өчигдөр Саудын Арабын “Team Falcons” багийн эсрэг хийж ялалт байгуулсан. Ингэснээр В хэсгээс Playoff шатанд шалгарах эрхийн төлөө дэлхийн чансааны дөрөвт бичигдэж буй “G2 Esports” багтай өнөөдөр тоглолоо. “G2 Esports” баг өнгөрсөн сард болсон “PGL Major Copenhagen 2024” буюу дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 3-4 дүгээр байр эзэлсэн юм.

Хоёр багийн тоглолт Монголын цагаар 19:30-д эхэлсэн. “The MongolZ” өөрсдийн сонгосон эхний “Ancient map” дээр 13:4 онооны харьцаатайгаар илт давуу ялалт байгуулсан.

Үргэлжлүүлэн эсрэг багийн сонгосон “Anibus map” дээр 13:7 онооны харьцаатай хожсоноор анх удаа ESL Pro League цуврал тэмцээний Playoff шатанд тоглох эрхтэй боллоо.

Гэхдээ тэд энэ сарын 29-нд В хэсгийн аваргын төлөө “Team Vitality” болон “BetBoom Team” багийн хожсонтой нь тоглоно.