ШӨХТГ-аас “Туяарах” салонд сануулах арга хэмжээ авч, хувцас солих өрөөн дэх камерыг буулгалаа

“Туяарах” салон эмэгтэйчүүдийн хувцас солих өрөөнд хяналтын камер байрлуулсан талаар бид  анхлан мэдээлсэн. Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор тус салонд ШӨХТГ-аас шалгалт хийжээ. Энэхүү шалгалтын талаар тус ШӨХТГ-ын ХЭХГ-ын дарга Ш.Цэрэндуламаас тодрууллаа. 

– “Туяарах” салон үйлчлүүлэгчдийнхээ эрхийг зөрчиж байна гэх гомдлын дагуу ШӨХТГ-аас шалгалт хийсэн. Шалгалтын дүгнэлтээсээ танилцуулахгүй юу?

-“Туяарах” салонд ШӨХТГ-ын улсын байцаагчид очиж газар дээр нь ажилласан. Хувцас солих өрөөнд камертай байгаа нь асуудал үүсгэсэн. Энэ нь нэг талаасаа хэрэглэгчдийнхээ аюулгүй байдалд тавигдаж байгаа чанар стандартын шаардлагыг биелүүлж буй хэлбэр юм. Гэхдээ нөгөө талаасаа хэрэглэгчдийнхээ хүний эрхийг хүндлэх хэрэгтэй. Өөрсдийнхөө үйл ажилгаандаа хэрэглэгчдийнхээ зөвшөөрлөөр камер тавих ёстой. Тухайн байгууллагын хувьд аюулгүй байдлаа хангахын тулд камер тавьсан гэдгээ бидэнд хэлсэн.

-“Туяарах” салонд ямар хариуцлага хүлээлгэсэн бэ?

-Туяарах салон өөрсдөө мэдээлэл гаргаж нийт хэрэглэгчдээсээ уучлалт хүснэ гэсэн үүрэг авсан. Мэдээж торгууль шийтгэл ярих юм бол газрын тухай хууль хэрэгжиж байна. Цар тахалтай байгаа энэ үед сануулах арга хэмжээ авсан.

 

Тэгвэл “Туяарах” салон энэхүү хэрэгт уучлалт хүссэн. Гэхдээ уг уучлалт нь өөрсдийгөө өмөөрсөн утга агуулгатай байсан юм.