Ирэх 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх хууль болон Засгийн газрын шийдвэрүүдийг багцлан хүргэж байна.

ДААТГУУЛАГЧИД ШААРДЛАГАТАЙ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БҮХ ЗАРДЛЫГ ЭМД-ЫН САНГААС ТӨЛНӨ

Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Дээрх хуулиудаар орж буй өөрчлөлтүүдээс гарах үр дүн:

Эрүүл мэндийн даатгалтай иргэн даатгалын сантай гэрээтэй аль ч эмч, эмнэлэгт бүх төрлийн тусламж үйлчилгээг сонгон авах эрхтэй болно. Тэнд нь санхүүжилтийг нь олгодог болно. Ингэснээр эмнэлгүүд чанар, эмчилгээ, үйлчилгээгээрээ өрсөлддөг болно.

Урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог хүний нас хүйс эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн заавал хамруулж санхүүжилтийг ЭМД-аас санхүүжүүлнэ.

Даатгалын сантай гэрээ байгуулсан улс, хувийн бүх эмнэлэг ижил тариф даатгалаар үйлчлэх тул улсын эмнэлгийн ачаалал, дараалал, хүнд суртал буурна.

ЭМД-ын байгууллага нь эмнэлэг, эмийн сангаас иргэнд үзүүлж буй тусламж, үйлчилгээний чанарыг хянах, хангалтгүй үзүүлсэн бол төлбөрийг бууруулах, хариуцлага тооцох, уг үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулж танил талаар шийддэг байсныг зогсооно.

Эрүүл мэндийн үйлчилгээ бүрэн цахимжина.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг байгуулж Монгол улсын хилээр эм, эмнэлгийн хэрэгсэл нэвтрэхээс иргэдийн гар дээр очих хүртэлх бүх үе шатанд үнэ, чанарын хяналт тавина.
Хөнгөлөлттэй эмийн жорыг бүх төрлийн эмнэлгийн эмч нар бичих бөгөөд гэртээ, ажилдаа аль ойрхон ямар ч эмийн сангаас эмээ авах боломж бүрдэнэ.

МАЛЫН ТОО ТОЛГОЙН ТАТВАР АВНА

Орон нутгийн төсвийг нэмэгдүүлэх, бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хангамж зэрэг тулгамдсан асуудлаа орон нутаг бие даан шийдвэрлэх боломж олгож, малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан бие даан тогтоох эрхийг сум, дүүргийн ИТХ-д ирэх оноос олгохоор төлөвлөж буйтай холбогдуулан Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг баталлаа.

Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна.

Албан татвар төлөгч энэ хуулийн дагуу ногдуулсан албан татварыг тэнцүү хоёр хуваан тухайн жилийн 7 дугаар сарын 15, 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор өөрийн өмчилж байгаа малын тоо толгой тоологдож бүртгэгдсэн сум, дүүргийн төсөвт төлнө гэж заажээ.

Тус хуулийн дагуу малын тоо толгойн татварын орлогыг тухайн сум, дүүргийн Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, иргэд, олон нийтийн саналыг үндэслэн тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд зарцуулах боломж бүрдэх юм байна.

ХӨНГӨН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХҮМҮҮСТ ЦАХИЛГААН БУГУЙВЧ ЗҮҮЛГЭЖ, ЗОРЧИХ ЭРХИЙГ НЬ ХЯЗГААРЛАНА

Засгийн газрын хуралдаанаар хөнгөн ялаар шийтгүүлсэн хүмүүсийг цахим хяналт хийх, техникийн тусламжтайгаар зорчих эрхийг хязгаарлаж, нийгэмшиж гэр бүлтэйгээ байх техникийн шийдэл бүхий тогтоолыг баталсан билээ. Анх удаа, болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хорих эсвэл зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулах бөгөөд 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ.

Цахилгаан бугуйвч байршил тогтоох, явсан чиглэл тогтоох, зайны мэдээллийг агуулах бөгөөд хувь хүнтэй холбоотой өөр бусад мэдээллийг цуглуулахгүй. Мөн бугуйвчийг тайлах, таслахыг оролдвол зорчих эрх хязгаарлах ялыг хорих ял болгон өөрчилнө.

Олон жилийн дунджаар тооцоолоход 2021 оны эхний хагас жилд 1081 хүнийг энэ шийтгэлийг оногдуулах тооцоо гарсан байна. Ингэснээр хорих зардал багасах бөгөөд ойролцоогоор жилд гурван тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлж байсан юм.

ЦЭЦЭРЛЭГҮҮД 2021 ОНООС ДЭРГЭДЭЭ ЯСЛИ АЖИЛЛУУЛЖ, 1-2 НАСТАЙ ХҮҮХЭД ХАМРУУЛАХЫГ ЗӨВШӨӨРӨВ

Засгийн газар 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 12 бас түүнээс дээш бүлэгтэй хүүхдийн цэцэрлэг дэргэдээ ясли ажиллуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргалаа. Яслийн нэг бүлэг 1-2 насны 15-аас ихгүй хүүхэдтэй, нэг багш, хоёр туслах багштай байх юм. Тоглоомоор хангах, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх болон бусад шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгана. 2021-2022 онд төрийн өмчийн 60 цэцэрлэгийн дэргэд ясли ажиллах бөгөөд дөрвөн жилийн хугацаанд 240 цэцэрлэг яслитай болно.

Эдгээрт амьжиргааны түвшин доогуур, хүүхдийн эрүүл мэндийн өсөлт хөгжил сул, анхаарал халамж зайлшгүй шаардлагатай болон бусад хэлбэрийн 3600 хүүхэд хамрагдана гэсэн судалгаа гарчээ. 2022-2023 оны хичээлийн жилээс төрийн бус өмчийн цэцэрлэгийн дэргэд ясли ажиллуулахыг дэмжсэнээр жилд хамгийн багадаа 8,000 орчим хүүхэд яслид явах боломж бүрдэнэ.

СУРАГЧИД “ҮДИЙН ХООЛ” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАНА

2021 оны хичээлийн жилээс эхлэн 1-5 дугаар ангийн суралцагчид “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдаж эхлэх бөгөөд 2023 он гэхэд 1-12 дугаар ангийн бүх суралцагчид үдийн хоол хөтөлбөрт хамрагдах юм.

2021 ОНД ТӨСВӨӨС ЖДҮ-ИЙН ЗЭЭЛ ОЛГОХГҮЙ

Монгол Улсын 2021 оны төсвийн жилд Засгийн газрын тусгай сангуудаар дамжин нийт 5,284.6 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэх бол үүний 94.6 хувь буюу 4.998.1 тэрбум төгрөг нь Нийгмийн даатгал, Нийгмийн халамж, Эрүүл мэндийн даатгалын сангуудын зарлага, 5.4 хувь буюу 286.5 тэрбум төгрөг нь бусад тусгай сангийн зардлуудыг тусгажээ.

Харин 2021 оны төсөвт ЖДҮ-ийг дэмжих сангийн зардлыг тэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, ЖДҮДС-нд 2021 оны төсвөөс нэг ч төгрөг олгохгүй, зөвхөн өмнө нь олгосон зээлийн эргэн төлөлтөөр санхүүжүүлэх юм