Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ сонгогдлоо. Өдгөө 41 настай Л.Оюун-Эрдэнэ ардчилсан нийгэмд шилжсэнээс хойших хамгийн залуу Ерөнхий сайдуудын нэг болж байна.

Өнгөрсөн Баасан гарагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Намынхаа удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр 100 хувийн санал нэгдсэн юм. Үүний дараа МАН-ын Бага хурал хуралдаж, шинэ Ерөнхий сайдыг эцэслэн тодруулсан.

Засгийн газрын тэргүүний ажлаа хүлээлгэн өгч буй У.Хүрэлсүх түүнийг төрийн байгууллага, Засгийн газар, УИХ-д ажилласан туршлагатай, төрийн ажил, Засгийн газрын бодлогыг цааш залгамжилж авч явж чадах чадварлаг боловсон хүчин гэж тодорхойлжээ.

Ийнхүү Бага хурал Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болгохыг дэмжснээр уг саналыг УИХ руу оруулсан бөгөөд УИХ дахь МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томиллоо.

Түүний хувьд Бага хурлын үеэр намынхаа нөхөддөө баримтлах бодлого, үйл ажиллагааны чиглэл, зарчмаа танилцуулахдаа “Нийгэм дэх шударга ёсны засаглалыг бий болгох тэмцлийг үргэлжлүүлэх, тэгш бус байдлыг багасгах, дундаж давхаргыг дэмжих, цар тахлын дараах улс орны эдийн засаг, нийгмийн бодлогыг Алсын хараа 2050 хөгжлийн бодлого, үндэсний нэгдмэл байдал, үнэт зүйл дээр тулгуурлан явуулна” гэжээ. Түүнчлэн өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд гишүүдийн асуултад хариулахдаа дөрвөн чиглэлд түлхүү ажиллана гэдгээ мэдэгдсэн. Нэгдүгээрт, цар тахлын нөхцөл байдлыг хэрхэн даван туулах вэ, төсвийн алдагдлыг хэрхэн нөхөх, экспортын гаралтаа нэмэгдүүлэх, онцгой байдлын мененежмэнтээ хэрхэн сайжруулах вэ. Хоёрдугаарт, ямар чиглэлийн бизнесүүдийг илүү дэмжих вэ, аж ахуйн нэгжүүдээ хэрхэн босгож ирэх вэ. Гуравдугаарт, дундаж орлоготой хүмүүсийг дэмжих тогтолцоог нэгтгэх. Дөрөвдүгээрт, сайн засаглал, цахим засаглалтай холбоотой асуудлыг голчилж хөндөн гэв.

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНИЙН НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1997

Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль
2001

Бэрс дээд сургууль, сэтгүүлзүйн бакалавр
2008

МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйн бакалавр
2008

МУБИС-ийн Нийгмийн ухааны сургууль, боловсрол судлалын магистр
2015

Харвардын их сургууль, төрийн удирдлагын магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

2001-2002

Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн алба, Тамгын газрын дарга

2002-2008

“Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хөтөлбөрийн удирдагч, Бүсийн Захирал

2008-2009

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга

2009-2010

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга

2010-2014

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч

2011-2012

Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга

2016

Монгол Улсын Их хурлын гишүүн
2019

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ

Шинэхэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өөрийн орлого 2015 онд 178 сая байсан бол 2016 онд ойролцоогоор хоёр дахин өсөж, 313 сая болсон бол 2019 онд 233 сая төгрөг гэж мэдүүлжээ.

Түүний хувьд 244 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцтай, 100 сая төгрөгийн хадгаламж, 100 сая төгрөгөөр үнэлэх малтайн дунд хурдан удмын адуу тав байгаа юм. Энэ жилийн наадмын бичлэгийг хариуцан ажиллаж буй Херо энтертайнмент групп ХХК-ийн 50 хувийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ эзэмшдэг юм байна.

Өөрийн орлого: 233,526,910 төгрөг

Гэр бүлийн орлого: 14,400,00 0 төгрөг

Орон сууц, барилга байгууламж: 244,000,00 0 төгрөгийн нэг орон сууцтай

Тээврийн хэрэгсэл: 28,000,000 төгрөгийн Toyota, Highlander- 1
Мал, аж ахуй: 100,460,000 төгрөгийн малтай (Хурдан удмын адуу-5, Адуу-17,

Үхэр-69, Хонь-124, Ямаа-163)

Газар: Байхгүй

Үнэт эдлэл: 60,500,000 төгрөг

Хадгаламж: 100,630,140 төгрөг

Авлага: Байхгүй

Зээл: Байхгүй

Компани нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Херо энтертайнмент групп ХХК 50 %, Хүлэг контент ХХК 100%
Эрх, патент, тусгай зөвшөөрөл: Эрх 2