Монголын рок попын зүрхэн хүрд нь “Хурд” хамтлаг юм. 1987 онд Төмөр замын вагон депогийн ажилчин хэсэг залуусын дунд хөгжим сонирхогчийн хэмжээнд байгуулагдаж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн түүхтэй.


Улмаар 1991 оны ардчилсан хувьсгал гарч уг хамтлагийн нэгдүгээр бүрэлдэхүүн тарснаар, тус бүрэлдэхүүнд тоглож байсан бөмбөрчин Д.Ганбаяр үлдэж 1993 оноос одоогийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж, метал рок хөгжмийн төрлөөр уран бүтээлээ туурвисаар өнөөдрийг хүржээ.

Хурд хамтлаг нь 6 гишүүнтэйгээр анхны “Хар салхи” бүрэн хэмжээний концертоо 1995 оны 3 сард Улсын Циркт амжилттай тоглосоноор, Монголын хөгжиж буй “РОК” хөгжмийн түүхэнд цоо шинэ эрэлхийлэл, шинэ стиль хэв маягийг хүчтэйгээр нэвтрүүлж, Монголын ард түмнийг, тэр дундаа амьд хөгжим сонирхогч рокер залуусыг байлдан дагуулж байв. Хурд хамтлаг 1998 онд монголд анх удаа “UNPLUGGED” концерт тоглож мөн сонгодог оркестр хөгжимтэй хамтран “Симфони Хурд” концертийг 2001 онд тоглосон. Хамтлаг анхны “Хар Салхи” Концертоос хойш Улаанбаатар хотод нийтдээ 24 удаагийн бүрэн хэмжээний (2.30-3.00) цагийн тоглолтыг хийсэн байна. Эдгээр тоглолтууд дундаас 2005 онд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд тоглосон “Талархалын тоглолт” 120.000 үзэгч цугларч байснаараа алдартай. Мөн 1999 оноос эхлэн гадаад орнуудад аялан тоглолт хийж АНУ, Хятад, ӨМӨЗО, ОХУ, Солонгос, Япон, Герман, Англи, Швейцарь, Бельги, Чех, Унгар, Австри зэрэг орнуудаар айлчлан тоглож тус орнуудад ажиллаж амьдарч буй Монголчууддаа уран бүтээлээ толилуулж иржээ. Хамтлаг энэ хугацаанд нийт 9 CD, 2 DVD-г гаргаж олны хүртээл болгоод байна.


Хурд хамтлагийн олон дуу нь Монголын ард түмний дунд ХИТ болон сонсогч олны сэтгэл зүрхэнд хүрч чадсан юм. Хурд хамтлаг тоглосон концерт, уран бүтээлүүдээрээ Монголын рок поп хөгжмийн дээд шагнал гардуулах ёслолын 12 удаагийн шагналыг гардсан ба бусад олон улсын чанартай тэмцээн уралдаан, хөгжмийн наадмуудад “Гран-При” шагналуудыг удаа дараа авсан байна. 2009 оны 12 сарын 10 нд Монголын Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Хурд Хамтлагийн Дуучин Д.Төмөрцог МУГЖ цолоор, хамтлагийн аргил гитарчин Н.Наранбаатар Алтан гадас одонгоор шагнагдсан байна.
Хамтлаг эдүгээ мэргэжлийн өндөр түвшинд тоглож, уран бүтээлээ туурвисаар байгаа билээ. Энэ хугацаанд хамтлагийн бүрэлдэхүүнээс 1 гишүүн солигдсон. 1993 оноос хамтлагийн 2 дугаар гитарчинаар тоглож байсан Т.Наранбаатар /Нар Сар/ 2008 онд хамтлагийг орхисон. Хамтлагийн шинэ гишүүнээр Чингис хаан, Чоно хамтлагуудад тоглож байсан туршлагатай гитарчин Д.Мөнхбат хамтлагт нэгдсэн бөгөөд 2008 оны 11 сарын 28,29 нд АСА циркт болсон “Шинэ Концерт” нэртэй тоглолтод Хурд хамтлагтай анх удаа тайзан дээр тоглосон. Д.Мөнхбат нь мөн Хурд хамтлагийн ах дүүсийн нэг буюу нэгэн гэр бүлийн гишүүн юм. Хурд хамтлаг одоогийн байдлаар урын сандаа 250 гаруй дуу 120 орчим видёо клиптэй байгаа бөгөөд 2013 онд хамтлагийн 20 жилийн ой тохиосон байна. Хамтлаг 20 жилийн ойн хүрээнд Монголын урлагийн түүхэнд анх удаа “Алтан Пянз” хэвлүүлсэн бөгөөд тус пянзыг АНУ-ын “Erika records” студид хэвлүүлжээ.

Энэхүү пянзанд Хурд хамтлагийн өнгөрсөн 20 жилийн түүхэн дэх хамгийн шилдэг “Чоно”, “Цэргийн бодол”, “Аавдаа би хайртай”, “Чи минь байгаа болохоор”, “Эх орон”, “Зураг шиг бүсгүй”, “Чимээгүй ирэх дурлал”, “Ээждээ”, “Болтугай” зэрэг есөн дуу багтсан юм.

Мөн үүсгэн байгуулагдсанаасаа хойш гаргасан нийт цомгуудаа нэгтгэж “Black BoxSet” /vol 1-12cd/ цомгийг түүхт ойдоо зориулан хэвлүүлжээ. Мөн үзэгч сонсогч фенүүддээ зориулан 12 төрлийн сувенир гаргаж бэлэг барьсан нь олны таашаалд нийцсэн сайхан үйл явдал болсон юм. 2018 онд Хурд хамтлагийн 25 жилийн ой тохиох бөгөөд тус ойн жил дээр “Цэргийн Бодол”/1978 он/ дууны 40 жилийн ой давхцаж буйгаараа онцлогтой юм. 2014 оны 7 дугаар сарын 9 нд Тулгар төрийн 2223, Их монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар хамтлагийн соло гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр Монгол улсын гавъяат жүжигчин цолоор шагнагджээ. Мөн 2015 оны 12 сарын 28-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, тус хамтлагийн ахлагч, хөгжимчин Д.Ганбаярыг Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн цолоор шагнасан нь нэг гэр бүлийн, нэг хамтлагийн 3 дахь гавъяат болж түүхэнд бичигдлээ.


Монголын рок попын зүрхэн хүрдэн “Хурд” хамтлагийнханы түүхээр хамтдаа аяласан таньд баярлалаа.