Хөгжмийн зохиолч Б.Магсаржавыг хилийн цэргийнхэнтэй Хэнтий аймагт тоглолтоор явж байхуйд Увсын хязгаарт суусан ижий нь таалал болсон гунигт мэдээ иржээ.

Ижийтэйгээ уулзаж амжилгүй алдчихаад уйлан хайлан байхад нь яруу найрагч Дүгэрийн Амгалан таарч “Миний дүү сэтгэлээ барь. Хорвоогийн жам хойно яая гэхэв. Ах нь нэг дууны шүлэг бичиж өгье” гээд удаа ч үгүй

“Үсний минь сор мөнгөрөх тусмаа

Үгүйлэн санах юм төрсөн нутаг аа

Уулзаж амжаагүй ээжээ бодохоор

Уугуул нутаг минь хагсраад байх юм аа

Насны намар гадаа ирэхээр

Нартын жамыг ухаарах л юм даа…” гэж алгын чинээхэн цааснаа дурайлгаад өгчээ. Увс руу онгоцоор нисэх замдаа тухайн шүлэгт ая хийж дууны нот, эх бичмэлээ ижийнхээ дэрэн дор нутаглуулсан байна. Ингэж “Насны намар” төрсөн түүхтэй.

“Ах нь нэг шүлэг бичиж өгье. Түүнд ая хийж ижийдээ дуун суварга босго доо” гэхэд сэтгэлийг минь засч худлаа хэлж байна гээд итгээгүй хэмээн хөгжмийн зохиолч өгүүлсэн. Хүн хэлсэн үгэндээ эзэн байна гэдэг тэр болов уу.