Тэртээ 1959 онд Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан Ховд аймагт ирэхдээ “Хар-Ус нуурын шагшуурга” шүлэг бичиж, тухайн үед “Туяа” сэтгүүлд нийтэлж байжээ.

Энэхүү түүхэн бүтээлийг залуу яруу найрагч Н.Очирбат сэтгүүлээс хуулж аваад улмаар нэрт хөгжмийн зохиолч УГЗ Ж.Шараад өгчээ. Тэрээр “За Шараа. Явуу багшийнхаа нэг гайхалтай шүлэг чамд авчирлаа. Чи авьяасаа сорь” гэжээ. Ж.Шараа аяаа хийгээд Б.Явуухулан руу утасдаж, “Би таны шүлгэнд ая хийлээ. Та зав гаргаад хүрээд ирээч гэж гуйжээ. Тун удалгүй Б.Явуухулан ороод ирж. Ж.Шараа зохиосон аяаа тоглож үзүүлтэл Б.Явуухулан дуугүй суугаад байж. Ж.Шараа Явуу багшаасаа “Би нэг юм асууж болох уу? ” хэмээжээ. Тэрээр “Явуухулан гуай шагшуурга гэж юу гэсэн үг вэ” гэж. Б.Явуухулан “Хар ус нуур гэж Ховдод байдаг гайхалтай нуур. Нуур усыг хөвөөлөн хулс, зэгс байдаг. Түүнийг шагшуурга гэдэг юм. Намар цагт нууранд чуулсан шувууд явчихаар нуур ус ямар уйтайг чи Сүхбаатарын хүн мэднэ дээ” гэжээ. Ж.Шараад энэ үг их юм бодогдуулжээ. Тэрээр аяаа өөрчлөн дуугаа хийгээд Ардын жүжигчин Б.Зангадад өгч дуулуулсан байдаг. Энэхүү дуу Залуучууд оюутны 2-р Их наадамд тэргүүн байр эзэлсэн юм.
Энэхүү бүтээл 60 жил ард түмний дунд дуулагдсаар байна.

Хөгжим: УГЗ Ж.Шараа

Шүлэг: Төрийн шагналт, СГЗ Б.Явуухулан

Дуучин: Хөдөлмөрийн баатар, АЖ Б.Зангад

Хар ус нуурын шагшуурга

Намрын салхинд исгэрнэ

Харахад нэг л уйтгартай

Намс намс бөхөлзөнө

Нүдэнд торойх бараагvй

Нуурын ус цэнхэртэнэ

Нүцгэн уулс чимээгүй

Өнгөн дээр нь сүүдэртэнэ

Хээлэн үлээх салхи нь

Нимгэн мандлыг нь бидэрлэнэ

Зөөлөн исгэрэх шагшуурга

Хөнгөн уйтгар төрүүлнэ

Намрын сэрүүн унахлаар

Нуурууд ийм байдаг уу

Хотон шувуудаа явчихлаар

Хатан хар ус уйдаа юу