“Унаган хайр” дуу төрсөн түүхээс

Уулзахын заяанд өглөө нар шиг туяаран ирчихээд
Удаан жаргалын заяанд ирдэггүй унаган хайр юм уу
Уужмийн холд зүрхэн тольтноос гээгдээгүй мөртлөө
Учралын жаргал инээгээгүй цайлган хайлган унаган хайраа

Үд хэвийх насандаа үлгэр шиг хэвээрээ
Үлэмжийн гоёмсог зурсан зураг шиг янзаараа
Өтлөх нас гэж байдаггүй унаган хайраа
Үргэлж зүрхэнд минь жаргалтай унаган хайраа

Дэгдээхэй насандаа дэрвэж өсчихөөд
Дандаа хамтаар явахын жаргалгүй унаган хайр юм уу
Дэлхийг тойрсон ч дэргэдээсээ чамайг салгахгүй гэсэн ч
Дэргэдийн жаргал дуулдаггүй гэмгүй гэнэн унаган хайраа

Үд хэвийх насандаа үлгэр шиг хэвээрээ
Үлэмжийн гоёмсог зурсан зураг шиг янзаараа
Өтлөх нас гэж байдаггүй унаган хайраа
Үргэлж зүрхэнд минь жаргалтай унаган хайраа

Үйлсийн тэнгэрт өөр өөрийн гэрэлтэй нартай ч
Үнэнч хайранд ханийн жаргалыг бүүвэйн дуутай ч
Догдлон нууцаар зүрх зүрхээ дуудаад инээдэг ч
Дэргэдийн жаргал дуулдаггүй гэмгүй гэнэн унаган хайраа

Үд хэвийх насандаа үлгэр шиг хэвээрээ
Үлэмжийн гоёмсог зурсан зураг шиг янзаараа
Өтлөх нас гэж байдаггүй унаган хайраа
Үргэлж зүрхэнд минь жаргалтай унаган хайраа

Монгол түмний сонсох, аялах дуртай дуунуудын нэг бол “Унаган хайр” билээ. Хүн бүрийн сэтгэлд хоногшсон уг дууг Дуучин Б.Нармандах оюутан ахуй үедээ дуулсан гэдэг.
Түүний анхны уран бүтээлүүдийнх нь нэг, өөрийнх нь нэрийн хуудас болсон “Унаган хайр”-ыг Б.Нармандах амилуулсандаа ихэд баяртай байдгаа ярилцлага өгөхболгондоо дурссан байдаг.

Урлагийн наадамд оролцож буй оюутан Б.Нармандахын хоолойны цар хүрээ, дуулах авьяасыг олж харсан МУГЗ, хөгжмийн зохиолч Г.Алтанхуяг энэ дууны аяыг түүнд зориулж зохиосон байна. Харин шүлгийг нь дууны яруу найргийн хаан гэгддэг яруу найрагч Л.Дагвадорж хайртай бүсгүйдээ зориулж бичжээ. Унаган насны хайрыг дуунд мөнхөлсөн урт настай эл бүтээл бүтсэн түүх энэ.

Та бүхэн дууны түүхтэй хамтатган “Унаган хайр” дууг хэн сайн амилуулсан тухай харьцуулалтыг  ЭНД ДАРЖ унших боломжтой.