“Дуу төрсөн түүх” булангийнхаа энэ удаагийн дугаарт Дорны их найрагч Б.Явуухулан, аугаа хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав нарын хамтын бүтээл “Би чамд хайртай” дууны түүхийг танилцуулж байна.


Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Төрийн шагналт, Ардын Жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав 1954 оны намар Москвад сургуульд сурахаар явжээ. Чайковскийн нэрэмжит консерваторт тэрбээр шууд орж чадсангүй. Бүтэн сар хүлээхдээ таних мэдэх хүнгүй, гэрээ болон гэргий С. Долгорсүрэнгээ маш их санасан гэдэг.

Тэгээд дуу зохиох санаатай Б.Явуухуланг сураглатал Утга зохиолын дээд сургуульд байгаа гэж сонсжээ. Лууяад шүлэг зохиож өгөх хүн олдоогүй учир тэрээр өөрөө шүлгээ бичжээ. “Би чамд хайртай” хэмээх алдарт дууны шүлгийн эхний хувилбар

Жороо борлогоо тэмүүлэхэд

Жолоо тавмм гоёхон

Жаахан чамайгаа бодохоор

Сэтгэл догдлом сайхан

Атар хээрийг чимэглэсэн

Алаг цэцгэнд би дуртай

Ариун хайрыг минь булаасан

Амраг чамдаа би хайртай ….


Д.Лувсаншарав нэгэн танилтайгаа таараад Б.Явуухуланг сураглажээ. Танилаасаа Б.Явуухулангийн гэрийг заалгаж аваад 2 бадаг шүлгээ өвөртлөөд очжээ. Ингээд 2 жил уулзаагүй найзууд уулзаж хууч хөөрсөн байна. Лууяа найз Явуудаа хандан “Найз нь гэрээ санаад үхэхнээ. Ийм 2 бадаг бичлээ. Иймэрхүү шүлэг бичээд өгөөч”гэсэн байна. Б.Явуухулан маргааш Горькийн сургууль дээр хүрээд ир гэсэн аж.

Маргааш очиход Б.Явуухулан

“Би чамд хайртай”

Холоос гүйдэлтэй борлог минь

Сулдаа ганхам жороо доо,

Голоос хайртай амраг минь

Шөнөдөө гэрэлтэм царайлаг даа.

Сэрүүн булгийн усанд

Цэлмэгхэн тэнгэр гэрэлтэх шиг

Сэтгэлийн хайртай чи минь

Энэхэн холоос санагдана

Атар хээрийг чимгэлсэн

Алаг цэцэгт би дуртай

Ариун хайрыг булаасан

Амраг чамдаа би хайртай.

Жороо борлогоороо тэшүүлсээр

Жолоо тавьсгээд очно доо

Жаалхан чи минь инээсээр

Баахан гэрэвшис гээд золгоно доо хэмээн бичсэн шүлгээ үзүүлжээ. Ийнхүү “Би чамд хайртай” хэмээх алдарт дуу мэндэлжээ. Аугаа хөгжмийн зохиолч, яруу найрагч хоёр энэхүү дуугаа гэргий нартаа зориулсан юм. Тэдэнтэй уулзсан бүсгүйчүүд “Та нарын фосфортой хүүхнүүд чинь сайн уу” гэж асуудаг байж.

Дагвын Лувсаншарав гуайгаас нэгэн сурвалжлагч

-Эхнэртээ зориулж зохиосон дуу юм байна. Та ханийнхаа тухай дурсахгүй юу?

-Тиймээ тийм, ханьдаа зориулсан. Миний хань С.Долгорсүрэнг урлагийн хүн байсныг олон хүн мэднэ. Хүний дээд гэж би түүндээ хэлдэг байсан юм. Хүнд ямар сайн, сайхан чанар байх ёстой бүгд л бүрдсэн хүн. Бурхны орон руу яваад одоо удаж байна. Сайн уран бүтээл хийнэ гэдэг ханиас их шалтгаалдаг юм шүү….. /2013 он/ хэмээсэн байдаг.