Вирусын халдварын үед болон халдвараас сэргийлж ямар уламжлалт эм тан ууж болох вэ?

Вирус нянгийн эсрэг үйлчилгээтэй өргөн хэрэглээний эм бэлдмэлд тэсвэртэй ужиг ханиад томуу ихсэж, бас аюултай вирус айсуй үед янз бүрийн вирусын халдварын гаралтай хурц болон архаг үед нийтээрээ өвчнөө илааршуулах, халдвараас урьдчилан сэргийлэх мөн дархлаагаа дэмжих зориулалтаар хэрэглэж болох уламжлалт эм тангийн тухай мэдээллээ хүргэе.

Уламжлалт эм найрлагууд нь үйлчилгээ сайн,хэрэв та ургамлын хүнд хэлбэрийн харшилгүй л бол гаж нөлөөгүй, бас өвчнөө гүйцэд эдгэтэл зохих хэмжээгээр зааврын дагуу хэрэглэж чадвал өвчнийг үлдэцгүй эдгээдэг сайн талтай учир айл өрх бүр уламжлалт эмийн аптектай болж шаардлагатай үед хэрэглэж хэвшвэл сайнсан. Ханиад томуу хүрч, толгой өвдөх, бие сулрах, жихүүдэс хүрэх,найтаах, бага зэрэг халуурах, хамар хоолой сэрвэгнэх шинж тэмдгүүд илэрч эхэлж байгаа үед цаг алдахгүйгээр Мана-4, Норов-7,Лидэр-7 тангуудаас аль нэгийг нь ууж эхлээрэй.

Эдгээр тан нь их өргөн хүрээний үйлчилгээтэй тангууд бөгөөд хувь хүний онцлог, өвчний хүнд хөнгөнөөс шалтгаалан тунг тохируулж хэрэглэдэг боловч эмчид үзүүлж зөвлөгөө авах боломжгүй үед дараахи заавраар хэрэглэж болно.

Эдгээрийн аль нэгээс том хүн болон 10 аас дээш насны хүүхдүүд өвчний байдлаас өөрөөр хэлбэл шинж тэмдэгийн илрэл хэр хурц байгаагаас хамааран хөнгөн үед эсвэл урьдчилан сэргийлэх зорилгоор өдөрт 2 удаа хоолны дараа тус бүр 1.0-2.0 граммыг удаа бүр 150-200 мл усанд 1-2 минут чанаж, бага зэрэг хөргөн тунадас буюу шаартай нь хамт ууж хэрэглэнэ.

Зовиур хүндэвтэр байвал өдөрт 3 удаа 2.0-3.0 граммаар буцалгаж ууж хэрэглэнэ. Харин 0-2 насны хүүхдүүдэд өвчин хөнгөн эсвэл урьдчилан сэргийлэх зорилгоор 0.5 граммаар өдөрт 2 удаа ,өвчин хүндэвтэр бол 1.0 граммаар өдөрт 3 удаа багавтар 50-100 мл усанд буцалгаж, шаарыг нь шүүж бүлээн уулгана.

2-6 насны хүүхдүүдэд өвчин хөнгөн бол 1.0 граммаар ,урьдчилан сэргийлэх зорилгоор бол 0.5 граммаар өдөрт 2 удаа , харин хүндрэх хандлагатай бол 1.0-1.5 граммаар мөн адил хэмжээний усанд өдөрт 3 удаа буцалгаж шүүж уулгана.

Харин 6-10 насныханд урьдчилан сэргийлэх зорилгоор 1.0 граммаар өдөрт 2 удаа , хүндрэх хандлагатай үед 1.5-2.0 граммаар өдөрт 3 удаа буцалгаж бүлээн ууж хэрэглэнэ.

Ханиад томуу хүндэрсэн үед өвчин дахин дахин сэдэрч, цээжинд цэр цугларч хэржигнээд ,шингэрэхгүй байгаагаас ховхорч өгөхгүй байгаа үед Сорол-4, Дарбу-5 /Чацаргана-5 ч гэдэг/ тангуудыг дээрх тангуудтай хослуулж хавсарч хэрэглээрэй.

Ингэхдээ уушиг цэвэршүүлж, цэр шингэлэх үйлчилгээтэй Сорол 4 танг бага насны хүүхдэд 1.0 граммаар багавтар 50-100 мл усанд буцалгаж шүүж өдөрт 2-3 удаа , том хүн болон 10 аас дээш насны хүүхдэд 2.0 граммаар 150-200 мл усанд буцалгаж шүүлгүйгээр өдөрт 2-3 удаа бүлээнээр уулгана.

Мөн дахин дахин бронхийн үрэвсэл болж сэдрээд байвал Дарбу 5 эмийг хүүхдэд наснаас нь хамааран 0.5-1 граммаар дээрх тангуудын аль нэгээр даруулан хөлөглөж уулгахад цэр сайн шингэрч уушиг цэвэрлэгддэг.

Энэ нь энэ эмээ бусад тан шиг буцалгахгүй харин дээрх тангуудын аль нэгээр даруулж ууна гэсэн үг гэдгийг андуурч болохгүй.

Харин өвчин хүнд байгаа үед эмчид хандаж өөрийн өвчиндөө тохирсон бусад тан эмийг бичүүлж авч хэрэглэх ,европ эм тарилгыг хавсруулан хэрэглэх шаардлагатай бөгөөд харин эдгээр танг хэрэглэснээр өвчний дараа уушиг болон амьсгалын системд үлдэх үлдэц багатай байдгаараа ач холбогдолтой.

Уламжлалтын эмч Н.Алтанхундага.