ЗХЖШ, БХЯ-д бугшсан буруу тогтолцоо буюу Батлан хамгаалахын сайд хариуцлага хүлээх ёстой жишээнүүд


Алба хааж байгаа ангийнхаа согтуу офицерт нэгэн цэрэг зодуулсны улмаас эмнэлэгт хүргэгдэн улмаар эмчилгээ авалгүй харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарч нийгмийг цочирдууллаа.

Олон нийтийн зүгээс гэм буруутныг шийтгэх шат шатны албан тушаалтнуудтай хариуцлага тооцохыг шаардаж эхэлсэн.

Нөмгөн хувцастай нярай эхийг өвлийн хүйтэн гадаа гаргасанд ундууцсан олон нийтийн сэтгэлзүйгээр тоглож өмнөх засгийн газрын Ерөнхий сайд сахилга хариуцлагын сайн жишиг тогтоож байна хэмээн сайн дураараа огцорсон. Түүн лүгээ тэрхүү жишгийг нь дагаж Батлан хамгаалахын сайдыг огцрох байх гэсэн олон нийтийн хүлээлт байсан боловч талаар болжээ.

Учир нь Батлан хамгаалахын сайд болон БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бусад холбогдох албан тушаалтнууд хүний урманд албан ёсны мэдэгдэл хийж эмгэнэл илэрхийлэх нь битгий хэл матрын нулимс ч дуслуулсангүй.

​Харин ч хариуцлагаас бултаж бүх буруугаа амиа алдсан цэргийн алба хааж байсан анги болон Зэвсэгт хүчний удирдлага болох ЗХЖШ руу бухаж уснаас хуурай гарч байна.

​Батлан хамгаалах салбарын гол цөм болох Зэвсэгт хүчин бөгөөд түүнийг мэргэжлийн удирдлагаар хангах дээд байгууллага болох ЗХЖШ нь Батлан хамгаалахын сайдын эрхэлсэн ажлын хүрээнд байдаг ганц агентлаг нь юм.

​Зэвсэгт хүчний хэмжээнд ямарваа гэмт хэрэг осол зөрчил гарахад муу муухай лайг нь тухайн анги байгууллагын удирдлага, тэднийг удирддаг тэрхүү төрлийн цэргийн командлалууд л хариуцлага хүлээдэг. Зүй нь батлан хамгаалах салбарын гол цөм болсон Зэвсэгт хүчинд алба хаах залуучуудыг цэргийн албанд татах ажлыг БХЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газар, түүний харьяа аймаг нийслэлийн цэргийн штабууд хариуцан зохион байгуулж, даргалах офицер боловсон хүчнийг нь мөн яамны шууд харьяанд байдаг ҮБХИС болон тус яамны Төрийн захиргааны удирдлагын газраас сонгон шалгаруулж явуулдаг гадаадын цэргийн академи их дээд сургуулиудад бэлтгэдэг.

​Зэвсэгт хүчний хэрэгцээний бараа ажил үйлчилгээг худалдан авах бэлтгэн нийлүүлэх ажиллагааг мөн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар зохион байгуулж шалгаруулдаг.

​Гадаадад энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчдад олгох нөхөн олговрыг мөн яамны санхүү хөрөнгө оруулалтын газар олгодог.

Харамсалтай нь эдгээр газрууд ажил үүргээ тийм ч шударга үнэнчээр хийж гүйцэтгэж чаддаггүй.

Цэргийн татлагыг туйлын хариуцлагагүй зохион байгуулж татагдсан дайчдаас жил бүр олон залуус энгийн байхдаа өвдөж байсан суурь өвчний учир тайван цагт цэргийн албанд тэнцэхгүй халагддаг. Цэргийн албанд татагдагсад нийгмийн эмзэг бүлэг буюу бага дунд орлоготой иргэдийн үр хүүхдүүд байдаг. Хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байдал зарчим энэ салбарт алдагдаж эрх мэдэлтэй дарга сайд их мөнгөтэй баян чинээлэг иргэдийн хүүхдүүд хэзээ ч цэргийн албанд ирдэггүй нь үнэн.

Тус яамны СБТГ-аас зохион байгуулдаг УИХ-ын гишүүд, яамдын төрийн нарийн бичгийн дарга нар, дэд сайд нар, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын тамгын газрын ажилтнуудын, аймаг нийслэлийн болон сум дүүрэг хороодын Цэрэг -стратегийн бэлтгэл сургалт гэгч гурав хоногийн гурилдсан сургалтаар цэргийн дүрэмт хувцас олгож, төгсгөлд нь тэдэнд офицерын цолыг хашиж байгаа албан тушаалд нь тааруулж ахлах офицерын цол олгодог нь олон цэргийн алба хаагчдын зэвүүг хүргэсэн.

“Тунгалаг Тамир” кинон дээр баян Итгэлт хошууныхаа ноёд түшмэдийн увайгүй шуналтай шударга бус байдалд эгдүүцэн “Олигтойхон цогчин дуган бариулж чадахгүй байж ууж идэхдээ уургын морь” гэж хэлдэг. Түүн лүгээ салбарынхаа цэргийн ангиудын офицер ахлагч нарыг хувцсаар бүрэн хангаж чадахгүй байж дээр өгүүлсэн төрийн улс төр, захиргааны удирдах албан тушаалтнуудад зориулж цэргийн хувцсыг бүр хурандаа цолтны каракуль малгай, захаар хангадаг нь олон түмний жигшлийг төрүүлж байна. Батлан хамгаалахын одоогийн сайд энэ газрын даргаар ажиллаж байхдаа тогтоосон жишиг.

ҮБХИС-ийн элсэлт, гадаадын цэргийн академи сургуульд суралцагсдын сонгон шалгаруулалт хууль зөрчиж шударга бус болдог нь үнэн. Гадаадын ялангуяа Өрнөдийн орнууд болох Англи, ХБНГУ, Франц, Итали, Люксембург болон Канад, АНУ, Япон, БНСУ-ын цэргийн академи, дээд сургууль, курсэд суралцагсдын ихэнх нь БХЯ-ыг удирдах дээд албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээд-/дэслэгч генерал Ц.Тогоо, хошууч генерал Ж.Гүррагчаа, хурандаа Коля, Х.Батсайхан нар гээд олон арван генерал хурандаа /-үүд байдаг. Тэднээс зарим нь улсын мөнгөөр сурч ирчихээд ажиллах ч үгүй сурсан хугацааны зардлаа ч төлөхгүй халагддаг. Гэтэл ҮБХИС-ийн төгсөгчдийг өөрийн хүсэлтээр халагдахад суралцсан хугацааны зардлыг нөхөн төлүүлдэг. БНХАУ-д хятад хэлний чиглэлээр суралцагсдын дотор мөн тус яамны удирдах албан тушаалтан-/хошууч генерал С.Баасанхүү, өнөөгийн сайд бригадын генерал Г.Сайханбаяр гэх мэт /-уудын үр хүүхдүүд байсан. ОХУ-ын цэргийн академи дээд сургуулиудад төгсөгчдийн ихэнх нь тус салбарын хурандаа нарын хүүхдүүд. Элсэлтийн шалгалт шог гараа болдог аж. Нэгэн ахлагч ангийнхаа захирагчийн хүүхдийн оронд биеийн тамирын шалгалт өгсөнөө ярьсан. Дараа нь тэр даргынх нь хүүхэд ОХУ-д Цэргийн эмнэлгийн академи төгсөж ирээд өдгөө госпитальд ажиллаж байна.

БХЯ-ны шууд харьяа байгууллагуудын хүний нөөцийн томилолт танил тал харсан хээл хахууль харсан үйл ажиллагаа байдаг. 1990-ээд оны эхээр зах зээлийн шилжилтийн хүнд хэцүү үед цэргийн албанаас халагдсан этгээдүүд улс төрийн намын болон томилогдсон сайдын суга цавинд хавчуулагдан орж ирээд шууд удирдах албан тушаалд томилогдон хурандаа бүр генерал ч болцгоосон. ХурандааД.Номт, С.Долоонжин,бригадын генерал Х.Батбилэг гээд цаашаа хөвөрч өгнө. Саяхан гэхэд Цэргийн төв эмнэлгийн олон жил ажилласан мэргэшсэн эмч нарыг захиргааны санаачилгаар хувь тэнцүүлж тэтгэвэрт хүчээр гарган оронд нь анагаахын их сургууль төгсчхөөд резидентур ч төгсөөгүй тус яамны генерал хурандаа нарын охид хүүхдүүд эсвэл хээл хахууль өгсөн этгээд томилогдсонд тус эмнэлгийн дургүйцэж байна.Тус эмнэлэгт шинээр нэгэн ажилтан ажлын байрныхаа шаардлагыг хангахгүй байсан тул ”Чи ажлаа мэдэхгүй тэнцэхгүй байна” гэхэд “би мөнгөө төлөөд орсон.Та нар намайг яах юм” гэж томорсон аж…

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тус салбарын сайдаар хэсэгхэн хугацаанд ажиллахдаа 2017 онд өөрийн нутаг Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд орших Зэвсэгт хүчний 232 дугаар ангид нутгийн нэг бизнесмений амралтын газрыг барилга, галын, эрүүл ахуйн дүгнэлт гаргуулалгүй тус ангийн данс бүртгэлд авах тушаал гаргаж зах зээлээс өндөр үнээр шахсан….

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ

А.Баярмаа