НАТО-ийн цэргийн анги Пүрэв гаригт Афганистан дахь томоохон цэргийн бааз болох Баграмыг орхин гарсан тухай албан ёсоор мэдээлж байна.

Нийслэл Кабулаас хойд зүгт байрлах Баграм бол АНУ-ын Афган дахь ажиллагаа эхэлснээс хойш сүүлийн 20 жилийн турш хамгийн чухал түшиц бааз нь байсан юм. Зэвсэгт бүлэглэлийн хооронд мөргөлдөөн их байдаг тус бүс нутгийн иргэдийн хувьд энэ явдал түгшүүртэй байгааг хэлж байна. НАТО-ийн эвслээс америкийн цэргийн анги тус бүсэд байршиж байсан нь энгийн иргэдийн хувьд хамгаалалт болж байсан юм. Харин зарим иргэдийн хувьд харийн цэргүүд нутгийг нь орхин гарч байгаад талархалтай байна. Итали болон Герман улсын цэргүүд Афганистаныг хэдийнээ орхион гарсан. Америк улсын хувьд ирэх 9-р сарын 11-ээс өмнө бүх цэргийн ангиудаа татан авах төлөвлөгөөтэй байгаа юм. Үүнтэй зэрэгцэн Афганы хэд хэдэн мужид Талибанчууд Засгийн газрын цэргүүдтэй мөргөлдөж эхэлсэн байна. Афганистан улсын Засгийн газар болон тус улсын чөлөөт радикал зэвсэгт бүлэглэлүүдийн хооронд энхийн хэлэлцээрийг Катарын Доха хотод эхлүүлжээ. Гэвч энэ хэлэлцээрээс мэдэгдэхүйц үр дүн гарахгүй гэж шинжээчид дүгнэж байна.