“Саарал гудамж ба тайчигч хөвгүүд” жүжиг, “Үргээлэг” уран сайхны киногоороо олны танил болсон жүжигчин Ж.Баясгаланг урлагийнхан “Баян” Баясаа гэж хочилдог.

Оюутан байхаасаа геологич аав ээжээ даган алтны уурхай байгуулж, бизнес эрхэлсэн түүнд уг хоч нь яг тохирсон. Тэгвэл “Баян” Баясаа өөрийнхөө ахин амьдруулагч ээжийнхээ тухай цахим хуудаснаа бичжээ. Учир нь түүний хайртай ээжийн төрсөн өдөр өнөөдөр тохиож буй бөгөөд ээждээ сэтгэлийн үгээ цахим хуудсаар дамжуулан илгээсэн байна.

Тэрээр “Би их азтай хүн. Хүмүүс хадам ээж гэж хэлдэг. Харин би тэгж хэлэх дургүй. Хоёр ч удаа клиник үхэлд ороход хажууд Ээж минь байсан. Хиймэл амьсгал хийж, зүрхний массаж хийж хоёр удаа хорвоод дахин мэндлүүлсэн. Нүд нээгээд л харахад Ээж минь байсан. Хүүхэд эхээс төрөөд л хамгийн түрүүнд ээжийгээ олж хардаг биз дээ. Хүн эхээс нэг л төрдөг бол би 3 удаа төржээ. Энэ л хүний төрүүлсэн охин миний амьдралын итгэл, урам хань минь болж байгаа.

Нарт ертөнцийн дор намайг гэх ээжтэй би азтай хүн шүү. Таньдаа төрсөн өдрийн баярын мэнд хүргэе? Ээж ээ. Дахин дахин хэлмээр байна ЭЭЖЭЭ” гэжээ.