Орхон аймгаас УИХ-д бие даан дахин сонгогдсон хүн Н.Алтанхуяг. Нэгэн цагт Ерөнхий сайд явсан тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан, эхээс төрсөн ах дүү нараа сошиал найзууддаа танилцуулжээ. Ингэхдээ тэрээр “ Аав Норов, ээж Жигүүсэнгийн 8 хүүхэд.

Том ах худалдааны техникум, МУИС төгссөн, насаараа худалдааны байгууллагад ажилласан. Том эгч бас худалдааны техникум төгсөж насаараа тогооч хийсэн. Дараачийн ах Одесса хотод компьтерийн инженерээр төгсөж насаараа IT салбарт ажилласан. Эгч Анагаахын дунд, АУИС төгсөж насаараа эмчээрээ ажиллаж байна.

 

5 дахь нь би МУИС төгсөж тэндээ багшлав. 6 дахь нь Германы Дрезден хотод төгсөж компьютерийн программистаар эрэл геофизикт ажиллаж байгаад ганзагын наймаанд шилжиж хувиараа ажиллах болсон. 7 дахь нь Эрхүүд ХАА-н механикжуулагчаар төгсөж ХААДС-д багшилж байгаад ганзагын наймаанд шилжиж хувиараа ажилладаг. Отгон дүү охин Москвад ня-бо, э/засагчаар төгсөж эрдэм шинжилгээний байгууллагад ажиллаж байгаад хувиараа ажиллах болсон. Бид 8-аас 3 нь 10 жилээ онц төгссөн, 5 нь их, дээд сургуулиа онц төгссөн. Хичээл, зүтгэлтэй бахармаар ах дүүтэй шүү, би чинь. Бид 8 маань 30-аад хүүхэдтэй болж. Мундаг аав, ээж 2 минь…” гэжээ.