Т.Аюурсайхан гишүүн та боловсролын салбараас “савраа” татна уу


Монгол Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан сүүлийн үед боловсролын салбарт гар дүрэх болжээ. Тодруулбал, тэрээр нийслэлийн Чингэлтэй дүүргийн 50-р дунд сургуулийн захирал М.Цогзолмааг ажлаа хийхэд нь саад болж, тус сургуулийн үйл ажиллагаанд бие бусаар оролцохыг санаархаж эхэлсэн тухай нэгэн иргэн цахим хуудаснаа бичжээ.


Эрхэм гишүүний хувьд Чингэлтэй дүүргээс УИХ-д сонгогдсон нэгэн. Анх улс төрд орж ирэхдээ Ерөнхийлөгч асан Н.Багабандийн нөмөр нөөлөг дор орж ирсэн гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Гэвч тэрээр ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөхийн үлгэр шиг хуучин “эзнээ” хэвлэлээр элдэвлэж, хүний үнэргүй зан гаргаж байсан удаатай. Харин энэ удаад салбарын сайд Л.Энх-Амгалангаасаа дээгүүр зан гаргаж, хариуцсан албан тушаалтнуудынх нь ажилд оролцдог болсон бололтой.