Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч асан С.Амардэлгэр, өмгөөлөгчөөр ажиллаж байсан Л.Энхбат нарт НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд 12  сар болж байж шүүгчийн захирамж гарсан.

Зургийн тайлбар: Шүүгч асан С.Амардэлгэр, өмгөөлөгч Л.Энхбат

Хуульчаар ажиллаж байсан энэ хоёр хүн дээрх Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б-д 2022 оны есдүгээр сарын 8-нд аж ахуйн нэгж хоорондын маргааныг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Б гэх компанийнханд ашигтай шийдвэрлүүлэх зорилгоор 10 000 ам.долларын хахууль аваачиж өгсөн хэрэгт холбогдсон юм. Шүүгч Б уг мөнгийг авмагцаа хээл хахуулийн хэргийг сайн дураараа илчилж, АТГ-ынханд болсон явдлын талаар мэдэгдэн, валютыг бүгдийг нь хүлээлгэн өгсөн байдаг.

С.Амардэлгэрийн хувьд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр 2016-2020 онд ажиллаж байгаад Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн тоонд багтсан нэгэн. Сүүлд нь Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн аж. Дараа нь 2022 оны тавдугаар сард нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэрээ дэвшүүлж ч байсан билээ.

Шүүгч асан С.Амардэлгэр, өмгөөлөгч Л.Энхбат нарт холбогдох хэргийг 2022 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дууссан юм. Гэвч дээрх хоёр хүн, тэдний өмгөөлөгч нар УЕПГ зэрэг байгууллагад гомдол гаргаж хугацаа хожсоор есөн сар гаруйн дараа ийнхүү шүүхэд шилжүүлж байна.

Харин энэ хэрэг шүүхэд шилжээд бүтэн 12 сар  буюу нэг жил гаруй болж байж шүүхээс захирамж гарган нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар болсон. Тэгвэл уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахгүй хэмээн хэргийн оролцогчдоос давж заалдах шатны шүүхэд хандсан юм.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах  шатны шүүхээс энэ хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах уу? Анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлнэ гэх шалтгаанаар “шүүхэд мөнхөрүүлэх” үү гэдгийг маргааш буюу 2024.03.27-ны өдөр хэлэлцэх болно.

Бусад эрүүгийн хэрэг шүүхэд шилжээд төд удалгүй хурлын тов нь гарч анхан давахаар хэлэлцэгдээд явахаар хугацаа болсон байхад шүүгч асан болон өмгөөлөгч нарын хахуулийн хэрэг ийнхүү шүүх дээр 12 сар болж байгаа нь хардлага төрүүлж байна. Өөрөөр хэлбэл, шүүгч нарынхаа холбогдсон эрүүгийн хэргийг шүүх, тэр дундаа Улсын дээд шүүхийнхэн завааруулсан тохиолдол гарсан бөгөөд энэ хэрэг тус түүхийг давтах вий гэсэн болгоомжлол хуулийнхан дунд байна.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.

А.Баярмаа