Орхон аймгийн Химичдийн холбоо энэ сарын 30-ны өдөр химийн хичээлээр Элсэлтийн Ерөнхий шалгалтанд 700-аас дээш оноо авсан Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хүлээн авч, баяр хүргэлээ. Монгол Улс даяар явагдсан ЭЕШ-ын нийт оноогоор 800 оноо авсан 11 сурагчийн 3 нь Орхон аймгийн харьяат бөгөөд 14 дүгээр сургуулийн багш Түвшинжаргал, 4 дүгээр сургуулийн багш Тунгалагтуул, “Орхон Эмпати” сургуулийн багш Уртнаа нар бэлтгэжээ.

Орхон аймгийн хэмжээнд 500-аад химич байдгийн 300 орчим нь багш, 200-аад нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Ачит ихт” ХХК, “Эрдмин” ХХК, “Эрдэнэт хивс” ХХК зэрэг уул уурхайн болоод бусад салбарт мэргэжлээрээ ажиллаж байна. Химичдийг сургах, хөгжүүлэх, нэгтгэх, туршлага солилцох, мэдээ мэдээллээр хангахын зэрэгцээ хойч үеийн химичдийг бэлтгэх зорилгоор өнгөрсөн 7 дугаар сард “Орхон аймгийн Химичдийн холбоо” ТББ байгуулагджээ. Улмаар холбооны зүгээс хийж хэрэгжүүлж байгаа эхний ажил нь залгамж халаа болсон өсвөрийн химичидээ урамшуулахад чиглэсэн талаар холбооны тэргүүн Р.Улаанхүү хэлж байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулах томоохон төсөл хөтөлбөрүүдэд Зэс хайлуулах, Эмульсийн тэсрэх бодисын, Металлургийн, Фосфоритын, Хүхрийн хүчлийн үйлдвэр багтаж байгаа юм. Ирэх жилүүдэд ашиглалтад орох эдгээр үйлдвэр баригдсанаар Орхон аймаг химийн шинжлэх ухааныг орон нутагт хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж холбооныхон үзэж байна. Орхон аймгийн Химичдийн холбооноос “Монголын Химичдийн форум”-ыг Эрдэнэт хотноо зохион байгуулахаар төлөвлөсөн ч цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч тодорхой хугацаагаар хойшилж, 9 дүгээр сард зохиох тов гарчээ.