Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөн үйлдвэрлэлийн явц, цаг үеийн асуудлууд болон ирэх оны зорилт, төлөвлөгөөний боловсруулалтад анхаарлаа хандууллаа. Ирж буй 2022 он Эрдэнэт үйлдвэрийнхний хувьд онцлог жил болно. Учир нь уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсны 50 жил, анхны баяжмалаа экспортод гаргаж эхэлсний 45 жил зэрэг түүхт ойн урьтал он учраас амжуулах, гүйцээх ажил их. Мөн ирэх онд Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохионо. Тус салбарын хөгжил дэвшлийн хагас зуун жилийн хугацаанд тэргүүлэх байр суурь эзэлж ирсний хувьд Эрдэнэт үйлдвэрийн хамт олон өндөр ач холбогдол өгч, ажил бүтээлийн өндөр амжилтаар угтах учиртай гэдгийг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн шуурхайн үеэр онцолж, илүү бүтээлч ажиллахыг хамт олондоо уриаллаа. Мөн Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх Үндсэн чиглэлд тусгагдсан томоохон төслүүд Засгийн газрын 2024 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрийн нэг хэсэг болон хэрэгжиж байна. Тиймээс эдгээр асуудалд анхаарч, төлөвлөгөөнд тусгагдсан цаг хугацаанд чанартай хийж гүйцэтгэхэд анхаарч, ажиллах шаардлагатай байгааг санууллаа.

Эрдэнэт үйлдвэрийн 2022 оны бизнес төлөвлөгөөг ирэх сарын 10-ны дотор хэлэлцүүлж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраар батлуулахаар бэлтгэж байна. Бүтцийн нэгжүүд ирэх оны төлөвлөгөөнд нягт нямбай хандаж, төсөл саналаа бүрэн тусгаж боловсруулахыг Ерөнхий захирал болон түүний Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч нарын зүгээс сануулж, чиглэл өгөв.

Өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөрчилгүй ажиллаж, өвлийн бэлтгэлийг 92 хувиар хангасан байна. Төлөвлөгөөт засварууд хуваарийн дагуу үргэлжилж, томоохон бүтээн байгуулалтын ажлуудаа хугацаанд нь багтааж, дуусгахаар ажиллаж буйг холбогдох цех нэгжийн удирдлагууд мэдээллээ. Тухайлбал, Ил уурхайд баригдаж буй Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн барилга байгууламж, Ус хангамжийн цехийн цэвэрлэх 3-р шугамын угсралт энэ онд дуусах бол Дулааны цахилгаан станцын К1 зуухны их засварыг 12 дугаар сарын 1 гэхэд дуусгаж, ажилд оруулахаар төлөвлөж байна. Уурхайчдын дархлааг дэмжиж, сэргээх зорилгоор өрнүүлж буй “Дархлаажуулалтын 4-р тун” аян дөрөв дэх долоо хоногтоо амжилттай үргэлжилж байна. Өнгөрсөн баасан гаригт зохион байгуулсан “Алхам бүрийн амт” сэдэвт эрүүл мэндийн алхалт олон хүнийг хамруулж, өгөөжтэй болсныг Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх онцлов. Тэрээр цаашид энэ алхалтыг үйлдвэрлэлийн цехүүд ээлж дараалан өөрсдийн нэрэмжит болгон, тогтмолжуулах санал дэвшүүлсэн юм. Цех нэгжийн удирдлагын мэдээлэлтэй холбогдуулан Ерөнхий захирал Х.Бадамсүрэн тус бүрт нь үүрэг даалгавар өгч, хүн бүхэн бүтээлч , шуурхай ажиллаж өмнөө тавьсан зорилт, төлөвлөгөөгөө биелүүлэх чиглэл өглөө.

М.Балжинням
Фото Б.Баттөгс