Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станц энэ жил 9.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд одоогоор 87 хувийн гүйцэтгэлтэй явна. Дулаан болон цахилгаан хослон үйлдвэрлэдэг станцын хувьд зуухны их засвар гол ажил байдаг. Энэ жил тус станцын нэгдүгээр зууханд их засвар оржээ. Засварын ажлыг 12-р сарын 01-нд бүрэн дуусгаж, галлагаа эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна, гэж Дулааны цахилгаан станцын дарга Г.Мөнх-Эрдэнэ ярилаа.

Мөн 2021 оны хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын нэг нь Баяжуулах үйлдвэр рүү усны шугам хоолой татах ажил юм. Одоогоор 85 хувийн гүйцэтгэлтэй, ондоо багтаан дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Түүнээс гадна дулааны шугам солих ажил мөн дуусах шатанд явна.

Цар тахлын хүнд цаг үед Эрдэнэт үйлдвэр айл өрх, аж ахуйн нэгжүүдийн дулаан, цахилгаан, усан хангамж, хогны төлбөрийг хариуцан ажиллаж байна. Үүнээс үүдээд улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний хэрэглээ өсжээ. Иймээс Диспетчерийн үндэсний төвөөс Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцад үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх үүрэг чиглэл өгсний дагуу тус хамт олон төлөвлөгөөгөө 100 давсан хувиар биелүүлэн ажиллаж байна.