Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас зөвшөөрөлгүй баригдсан газруудыг чөлөөлж буй. Чөлөөлсөн газарт автомашины зогсоол, ногоон байгууламж, тоглоомын талбай зэргээс шаардлагатайг нь иргэдийн саналыг үндэслэн тохижуулахаа тэд мэдэгдсэн.

Уг саналыг иргэд тааламжтайгаар хүлээн авсан боловч, багийн зохион байгуулалтгүйгээс буулгасан авто гараашууд нь балгас болж, эхнээсээ хогоор дүүрч эхэлснийг Сансар орчмын авто гараашуудын хоёрхон хэсгээс харж болно.
Эдгээр гараашуудыг буулгаж болсон юм чинь барилгын хогоо тэр дор нь ачиж болоогүй гэж үү. Багаараа ажиллаж, өөриймсөг сэтгэлээр хандмаар байна аа.
Өмнө нь эдгээр гараашууд буух эзэн, буцах хаягтай байхдаа ингэж хөлд хөглөрөх хог новшоор дүүрдэггүй байсныг хэн бүхэн мэднэ. Гэтэл өдгөө хагас дутуу нураасан гарааш бүхэн нь барилгын болон ахуйн хогоор дүүрчээ.


Зарим буулгаагүй үлдсэн зарим авто гараашуудын бэхэлгээ нь унаж, дэргэдүүр явах хүний дээрээс нурж унахад бэлэн болсныг уншигч та энэ фото сурвалжлагаас харж болно. “Ниргэсэн хойно хашгирав” гэгчийн үлгэрээр хэн нэгэн иргэний эрүүл мэнд, амь насанд аюул учруулж байж, бүрэн буулгах хэрэг үү.

Мөн авто гараашуудыг нураахтай зэрэгцээд ярьж хэлээд байгаа тохижилт үйлчилгээний ажлаа явуулах нь зүй ёсны хэрэг баймаарсан. Эсвэл энэ хэсэг газраа бусдад наймаалцаж, чанаргүй байшин барилгынхаа тоог нэгээр нэмэх гэж байгаа юм уу.

Уг асуултад Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас хариулт авахыг иргэн хүний хувьд хүсч байна.