Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д өчигдөр ажиллажээ.

Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бортээг хуурай баяжуулах, нүүрс баяжуулах, нүүрс ачих ложистикийн төв, Тавантолгой – Зүүнбаян төмөр зам, Загийн усны хоолойн төсөл, Тавантолгойн цахилгаан станц зэрэг төслийн явцтай танилцсаныг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэрэгжүүлж буй Нүүрс баяжуулах үйлдвэр 2024 онд ашиглалтад орох аж. Тус үйлдвэр нь одоо зарж буй нэг тонн нүүрснээс 60-80 ам.долларын орлого олох боломжтой юм.

Засгийн газраас өнгөрсөн оны аравдугаар сард тус компанид онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Бүрэн эрхт төлөөлөгч томилогдсоноор энэ оны нэгдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 23 хүртэлх хугацаанд 11.5 сая тонн нүүрс борлуулж, 1.2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон байна.

Биржээр худалдаалсан 20 удаагийн арилжаагаар 1.2 сая тонн нүүрсийг 140.92 сая ам.доллароор борлуулж, орлогыг 40.0 орчим сая ам.доллароор нэмэгдүүлжээ. Хатуу коксжих нэг тонн нүүрсийг хамгийн багадаа 131.6 ам.доллароор, ихдээ 182.1 ам.доллароор борлуулсан байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Төсөл амжилттай хэрэгжсэнээр нүүрсний экспорт, орлого нэмэгдэнэ, төдий чинээ улс орны эдийн засгийн өсөлт хангагдах учиртай. Тиймээс хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлж буй энэхүү төсөл хөтөлбөрүүдийг Засгийн газар дэмжин ажиллана” хэмээн ярьжээ.