Монголын уран зохиолд роман бичдэг цөөхөн бүсгүй зохиолч байдаг. Бид энэ удаад “Чин бишрэлт хатан” романаа өлгийдөн авсан МЗЭ-ийн шагналт, зохиолч Санжаагийн Батжаргалтай ярилцлаа.

Урилга хүлээн авч, ярилцаж байгаа таньд баярлалаа. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг Санжаагийн Батжаргал гэдэг. Булган аймгийн уугуул. 1991 онд ТИС-ийг Хүнсний үйлдвэрийн технологич мэргэжлээр, 2001 онд Удирдлагын академийг бизнес удирдлагын менежер мэргэжлээр төгссөн.
Өөр мэргэжлийн хүн уран зохиол бичих болсон шалтгаан юу юм бол?
Хүүхэд байхад уран зохиолд дурлаж маш их уншдаг байсан нь нөлөөлсөн болов уу. Ер нь миний үеийнхэн тэр дундаа эгч маань найзуудынхаа хамтаар маш их ном уншдаг хүүхдүүд байсан. Тэр орчноо дагаад л ном их уншдаг болсон доо.
Та хамгийн анхны бүтээлийнхээ тухай, тэр үеийн дурсамжаа хуваалцаач
Хамгийн анхны бүтээл бол “Намрын шөнийн зүүд” гэж аавынхаа амьдралаас буюу бодит амьдралаас сэдэвлэн романаа 2012 онд бичсэн. Аав минь тэтгэвэртээ суугаад зав чөлөөтэй болсон цагаас өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралаа ярьдаг байлаа. Аав багадаа лам байгаад дараа нь цэрэгт явж, жирийн цэргээс дивизийн хөгжмийн удирдаач болж дэвшсэн, бас хэлмэгдэж ч явсан, халагдаж ирээд Булган аймагт анхны Сүү тосны заводыг байгуулж, Шинэ санаачилга олныг гаргаж амьдралд нэвтрүүлсэн сонирхолтой түүхтэй хүн байсан.
Таныг олон түүхэн роман бичсэнг хүмүүс мэднэ. Таны “Огул Хаймыш хатан” романыг би уншиж байсан. Түүхэн роман яагаад бичих болов?
Анхны романаа бичихээс өмнө би нэг өвдсөн юм. Хүн өвдөхөөрөө өнгөрүүлсэн амьдралаа эргэж нэг боддог юм билээ. “Би ер нь хүн болж төрчихөөд юу бүтээв?” гэж юуны өмнө эргэцүүлэн бодсон. Тэгээд ядаж аавынхаа амьдралыг дурсамж маягаар бичиж ач зээ нарт нь үлдээе гэж бодоод бичсэн юм. Гэтэл хүү уншчихаад:
-Ээж, таны бичсэн маш сонирхолтой юм байна. Та зохиол болгоод олон түмэнд түгээ гэж зөвлөсөн. Ингээд дахин найруулж, өөр бодит болон уран сайхны дүр оруулж роман болгоод хэвлүүлсэн дээ. Гэтэл уншсан хүмүүс урам өгч “Эмэгтэй хүний сэтгэл зүйг маш сайхан гаргасан байна. Одоо юу бичиж байна? Хатдын тухай сайхан роман бич гэж зөвлөсөн. Тэгэхэд гэнэт “Яанаа, би чинь одоо аавынхаа амьдралыг л, өөрөөр хэлбэл болсон явдлыг бичсэн. Зохиолч биш байж хүмүүсийг хуурчихав уу даа” гэж нэг хэсэг сэтгэл зовж эхэлсэн. Тэр үед хатдын тухай “Ану хатан” “Сорхугтани хатан” гээд түүхэн романууд гараад байсан. Ер нь энэ сэдвээр хүчээ үзье гэсэн бодол төрж, түүх уншиж эхэлсэн. Эндээс Хотол цагаан гүнжийн түүх миний сэтгэлийг маш их татсан. Ингээд цааш уншаад судлаад ирэхээр Хотол цагаан гүнжийн аав, Өгөдэй хааны ач Хайду хааны амьдрал тэмцлийг Монгол хүн бүр мэдэх ёстой түүх мэт санагдаж, “Хайду хаан” анхны түүхэн романаа бичсэн дээ. “Хайду хаан” романаа бичээд дуустал ингээд орхиж боломгүй баатрууд, үргэлжлүүлмээр үйл явдлууд байсан тул цааш нь цуврал болгож, “Ишүүжин”, “Аргасуу баатар”, “Харийн тэнгэр” гээд гурван роман бичсэн. Мөн эдгээрийг бичиж судалж байх явцад Гүюг хааны хатан Огул Хаймышийн амьдрал тэмцэл сонирхол татсан. Энэ хатны тухай Монголчууд их буруу ташаа ойлголттой байдгийг мэдэж, үнэн түүхийг бичихсэн гэж бодож явсаар “Огул Хаймыш хатан” романаа бичсэн бүр хожим 2021 онд бичиж хэвлүүлсэн. Огул Хаймыш хатан бол өвөг дээдсийн гэрээслэлд үнэнч, түүний төлөө тэмцэж яваад 45-хан насандаа амь насаа алдсан ийм хатан юм билээ. Их хааны сэнтийд зөвхөн Өгэдэйн удмаас сууна гэсэн их эзэн Чингис хааны хамгийн чухал гэрээслэл, хаан ширээнд Ширэмүн ханхүүд өвлүүл гэсэн Өгэдэй хааны гэрээслэлийг биелүүлэхийн тулд өөрийн хоёр хүүгээ ч хаан болгоогүй ийм л тууштай тэмцэгч хатан байгаад хүч тэнцвэргүй тэмцэлд ялагдаж, Мөнх хааны цаазад Ширэмүн ханхүүгийн эхийн хамт өртсөн зоригтой бөгөөд эрэмгий, бас үзэсгэлэнтэй хатан байжээ.

Сүүлийн үед зохиолчид маань түүхэн роман их бичих болсны шалтгаан юу вэ?
Их хаадын маань долоо найман зуун жилийн тэртээ гаргаж байсан тушаал зарлиг бол өнөөгийн бидэнд ч сургамж болохоор маш ухаалаг, алсын хараатай гайхамшигтай шийдвэрүүд байдаг. Миний багш Тангадын Мандир гэж СГЗ зохиолч, түүхч, зураач хүн байдаг. Би нэг удаа багштайгаа ярьж байгаад “Багш аа. Их Монголын хаадын амьдрал, түүхийг судалж байхад өнөөгийн биднээс оюун санаа, бие бялдрын хувьд дээгүүр түвшинд байсан юм биш үү дээ? гэхэд багш минь ихэд олзуурхаж “Яг тийм. Чи тун онож хэллээ. Тийм болохоор л түүхэн зохиол бичихэд бэрх байдаг юм” гэж дуу алдсан. Миний л хувьд түүх унших явцад “Энэ л хааныг, энэ л хүний амьдрал тэмцлийг хойч үедээ уншуулахсан, мэдүүлэхсэн гэсэн бодол байнга орж ирж байдаг. Энэ маань л намайг ахин дахин түүхэн роман бичихэд нөлөөлсөн байх даа.
Түүх унших явцдаа энэ л тухай бичье гэж маш их хорхойсч бичсэн зохиол тань аль нь вэ? Одоо ямар сэдвээр бичих гэж байна?
Ер нь зохиол бүрээ л хорхойсч бичдэг дээ. Гэхдээ хамгийн их хорхойсч бичсэн зохиол бол дэлхийн долоон гайхамшгийн нэг Таж Махалыг бариулсан Монгол угсааны Шах Жахан хааны тухай “Их хайрын түүх” роман юм. Судлаад үзэхээр доголон Төмөр хааны удам болох Их Моголын хаад маш энэрэнгүй, урлагийн өндөр боловсролтой хаад байсан юм билээ. Одоо жуулчдыг татаж байгаа Таж Махалаас гадна олон гайхамшигт бунхадыг барьсан хаад Монгол хүмүүс байсан гэж бодохоор бахархахгүй байхын аргагүй.  Саяхан шинэ роман дуусгасан болохоор одоогоор яг эхэлсэн зүйл алга. Гэхдээ 13-хан насандаа хаан ширээнд суусан Лигдэн хутагт хаан, Цогт хун тайжийн удам Охин хунтайж нарын амьдрал тэмцэл их сонирхол татаж байна. Одоогоор Цогт хунтайжийн удам Орос Монгол Хятад гэсэн гурван улсад өнөр олуул аж төрж сууна. Тэдний туулж ирсэн замналыг судална даа.

Та одоогоор хэдэн роман хэвлүүлээд байна. Хамгийн сүүлд ямар роман гаргасан бэ. Саяхан шинэ номоо өлгийдөн авсан байсан?
Одоогоор 8 романтай байна. Саяхан “Чин бишрэлт хатан” романаа өлгийдөн аваад удаагүй байна.
Нэг түүхэн роман бичихэд хэр хугацаа зарцуулдаг вэ? Энэ “Чин бишрэлт хатан”  романыг хэдий хугацаанд бичсэн бэ?
2021 онд “Огул Хаймыш хатан” романаа гаргасан. “Чин бишрэл хатан” романыг 2022 оны 9 сард эхэлсэн. Ихэнх хугацааг судалгаанд зориулдаг. Яг суугаад бичихэд бол нэг их биш. Би өөрөө арван хурууны бичээчийн давхар мэргэжилтэй болохоор их хурдан шивдэг маань их тус болдог. Миний хувьд өвөл нь уншиж судлаад, хавар нь бичиж, зун хэвлүүлдэг зуршилтай болсон гэх үү дээ.
Та аль романдаа илүү хайртай вэ? Онцолсон зохиол байдаг уу? Ер нь таны бүтээлүүдээс хамгийн хамгийн… гэвэл ямар номоо нэрлэх вэ?
Аавынхаа тухай болохоор утга зохиолд анх намайг хөтөлснийг бодохоор “Намрын шөнийн зүүд” романдаа хайртай, бас хамгийн их хөдөлмөрлөж бичсэн болохоор “Их хайрын түүх” романдаа бас хайртай. Ер нь хайртай гэхээс илүүтэй зохиолч нарт “Үлдэх бүтээл” гэж байдаг гэдэг. Миний үлдэх бүтээл бол Их хайрын түүх роман юм даа гэж саявтар би бодож байлаа. Таж Махалын тухай роман гадаадад ч бичигдээгүй юм билээ. Хэдийгээр Энэтхэг орныг хөгжлийн өндөр түвшинд гаргаж, энэрэнгүй хаад байсан гэдгээрээ хайрлагдах учиртай авч колоничлогч байсан гэсэн утгаараа тэр байх Энэтхэг хүмүүс харийн хүний тухай магтан дуулаад байдаггүй юм шиг билээ. Хамгийн хамгийн гэвэл дээрх хоёроос гадна өөрийн минь хамгийн их сэтгэлд хүрсэн ном бол “Уянгын туужууд” ном, хамгийн их онгодтой бичсэн ном “Хайду хаан”, хүмүүст хамгийн их таалагдсана ном бол “Ишүүжин”, “Харийн тэнгэр” гэж олон хүн нэрлэдэг. Бага наснаас судлахсан, мэдэхсэн гэж бодож явсан зүйлээ судлаад бичсэн зохиол бол “Аргасуу баатар” роман юм. Энэ бол элч нарын тухай роман л даа. Хүүхэд байхад “Дээр үеийн элч нар гэж агуу хүмүүс байсан” гэх хөгшчүүлийн яриаг сонсоод тэр тухай дэлгэрэнгүй мэдэхсэн гэж бодож явсан санаандаа хүрч, судалж бичсэн. Түмэнд хүргэхээр хамгийн их мэрийсэн ном бол “Огул Хаймыш хатан” роман юм даа.
Хатдын тухай эмэгтэй зохиолчид их бичиж байна. Их хатдаас хойч үеийнхэндээ суралцах зүйл юу вэ?
Хатдын тухай эрэгтэй эмэгтэй зохиолчид бичиж байна. Гэхдээ бүсгүй хүний сэтгэлийг арай илүү ойлгож, мэдэрч бичдэг болохоор тэр үү, эмэгтэй зохиолчдын бичсэн хатад арай илүү болоод байх шиг санагддаг. Дашрамд хэлэхэд түүхэн хүний тухай бичихэд, хатдын тухай бичихэд ч ялгаагүй. Миний хувьд эхлээд түүхийг нь маш сайн судалдаг. Мэдээж хатдын тухай түүхэнд ховор тусгагдсан байдаг. Тийм болохоор дүрээ бүтээхийн тулд тухайн үеийн түүхэн нөхцөл байдал ямар байв, орчин тойронд нь ямар хүмүүс байв, хэний асрамж халамжинд өсөв, түүний хүмүүжилд нь юу нөлөөлсөн байх вэ, ах дүү хэдүүлээ байв гэх мэтчилэн орчин тойрныг нь судалж байж өөрийнхөө дотор тухайн хүнээ бий болгож, харж мэдэрч байж дүрээ амилуулдаг даа. Жишээ нь Хотол цагаан гүнж гэхэд арван гурван ахтай байсан, дан хөвгүүдийн дунд өссөн хүн ямар араншинтай болох вэ, Огул Хаймыш хатан гэхэд түүний дэргэд Ойн иргэдээс олзлогдож ирсэн Тарган Ботухай гэж ухаалаг хатан түүний хойд эх болж ирсэн гэх мэтчилэн түүхэн үйл явдлаас холбож ургуулан бодож байж хатдынхаа дүрийг гаргадаг. Түүхээ мэдэхгүй бол ойд төөрсөн сармагчин мэт гэж үг бий. Ялангуяа арвин баялаг манай түүхээс сургамж авах зүйл маш их бий. Гагцхүү уншиж судлах л хэрэгтэй. Ганц жишээ дурдахад “Төрөл саднаа төрийн албанд дэвшүүлж болохгүй” гээд Гүюг хааны зарлиг байна шүү дээ. Энэ зарлигийг одоо мөрдөж байсан бол Монголын төрд мөн ч хэрэгтэй зарлиг байгаа биз? Энэ бүхнийг уншаад судлаад ирэхээр сүүлдээ түүхэнд донтох ч гэх юм уу улам шунан дурладаг болдог юм байна. Яг ийм явдал болсон, болж байсан гэж бодохоор ямар ч уран зохиолоос илүү сонирхолтой, сэтгэл татах увидас манай түүхэнд бий. Ерээд оноос хойш манайд түүхэн судалгааны номнууд маш их болсон, олон сайхан орчуулагч нарынхаа буянаар уншиж судлах хүний идэвх л мэдэхээр болсон. Ялангуяа түүхэн баримтыг хэд хэдэн эх сурвалжаас олж уншаад харьцуулж үзэх бүр сонирхолтой. Нэг үйл явдлын тухай гэхэд янз бүрээр бичсэн байх нь буй. Энэ хүн яагаад ингэж бичих болов? Бичсэн түүхч нь ямар шашинтай, тухайн үед ямар албан тушаал хашдаг ямар үндэстэн байв? гэхчилэн сонирхолтой зүйлс тоолж барамгүй их бий.

Таны уран бүтээл романаар зогсохгүй өгүүллэг туужийн хэд хэдэн ном гаргасан бий. Тэр тэдгээр номныхоо тухай
Энэ хугацаанд өгүүллэгийн хэд хэдэн ном гаргасан буй. “Хөх илдний нууц”, “Уянгын өгүүллэгүүд 1”, хүүхэд өсвөр насныханд зориулсан “Хар нүдэн хөвгүүн”, “Анхны хайр”, “Шүхэр”, “Авгын түрийвч” гээд номнууд гаргасан. Боловсролын яамнаас болон бусад газраас зарласан хүүхдийн зохиолын уралдаанд өгүүллэгээрээ оролцож шалгарч байлаа. “Цөн түрэх цагаар”, “Уянгын туужууд-1” гэсэн туужийн ном хэвлүүллээ. “Ханд чин ван” туужаараа “Төрт ёс хаадын сан”-гаас зарласан уралдаанд тусгай байр, “Өр төлөөс” туужаараа “Монгол цагдаа 100” гэж Цагдаагийн байгууллагын 100 жилийн ойд зориулсан уралдаанд тэргүүн байр, “Өв залгамжлагч” туужаараа “Монгол тууж” уралдаанд шагналт байранд орж байлаа. Тэгэхээр туужийн төрөл надад нилээн ойр юм уу гэж бодоод байгаа. Гэвч роман гэдэг маш их юмыг гаргаж болдог, өгүүлж болдгоороо бас сэтгэл татна аа. Мөн эхлэн бичигчдэд зориулж “Дотогшоо анирдахуй” дурсамжын номоо гаргасан.
Хүүхэд ном уншихын ач тусыг та юу гэж боддог вэ?
Хүүхдэд зориулсан өгүүллэгүүд миний өгүүллэгүүдийн ихэнх хувийг эзэлдэг. Ирээдүйгээ хүүхдүүдээ ном уншдаг болгохсон л гэж бодож явдаг даа. Хүүхэд ер нь номноос мөрөөдлөө, бусдыг энэрэн хайрлах нинжин сэтгэлийг юуны өмнө юм олж авдаг. Одоо хүүхдүүд бараг л мэдээ орсон цагаасаа л аймшгийн кинонд нүд нь дасаж, алаан хядаантай тоглоом тоглож байна. Энэ бол маш аюултай үзэгдэл шүү. Харин ном уншсанаар энэрэнгүй сэтгэлийг олж авч, төлөвшдөг гэж боддог доо. Миний хувьд анх Д. Гармаа зохиолчийн “Хөгжөөнтэй туужууд” номыг уншаад “Хүн гэдэг мөрөөдөлтэй байх ёстой юм байна” гэж ойлгож авсан. Хүүхдийн оюун ухаан аливаа зүйлийг маш соргог тусгаж авч, тэр нь насан туршид нь сэтгэлд нь хадагдан, амьдралынх нь хэв маяг болох нь бий гэж би боддог. Мөн анх уншсан номнуудын маань нэг нь “Эрийн сайн хан Харангуй” гээд үлгэрийн ном байлаа. Энэ номон дээр Эрийн сайн хан Харангуй нэг мангастай байлдаад ялдаг юм. Гэтэл мангас үхэхдээ “Би эр хүн болж төрвөл эрийн сайн хан Харангуй шиг баатар эр болог, эм хүн болвол баатрын хатан шиг гуа хатан болог, хүлэг морь болвол энэ баатрын морь шиг сайн хүлэг болог” гэж хэлээд үхдэг. Түүнийг уншаад ямар ч хүн болсон шилдэг байх нь чухал юм байна, ажил хийсэн ч хамгийн сайнаар хийх л ёстой юм байна гэж тусгаж авсан даа. Хүүхдийн оюун ухаан гэдэг аливаа зүйлийг ийм л соргог хүлээж авдаг.
Ном уншихын ач тусыг цөөн үгээр хэлвэл?
Ном уншихад тэр дундаа түүхэн роман уншихад өвөг дээдсийнхээ түүхийг мэдэхийн зэрэгцээ бид ямар агуу дээдсийн үр удам юм бэ гэж бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг. “Аливаа үндэстний үндсэн шинж хэзээ ч өөрчлөгддөгүй” гэж Лев Гумилев хэлсэн байдаг. Ийм агуу хаадын үр удам муу явах учиргүй гэж омогших сэтгэл өөрийн эрхгүй төрдөг дөө.
Та саяхан шинэ романаа өлгийдөж авсан байна. Шинэ номоо анх авсан сэтгэгдлээ хуваалцаач
Шинэ номоо гар дээрээ анх авах яг л шинэ хүн өлгийдөж авч буй мэт. Хэдийгээр өөрөө зургийг нь гаргаж өгч, дизайныг нь харсан ч гэсэн ямархуу ном гарч ирэх бол гэж догдлон хүлээдэг. Анхны дээжийг нь авчирч өгөхөд адис аваад дараа нь үнэрлэж үздэг дээ.
Ном уншдаг хүмүүсдээ юу хэлмээр байна?
Хүүхдээ л ном уншиж сургаарай. Гэхдээ нэг ном авчирчихаад “Үүнийг унш” гэж шахах бус, өөрсдөө уншиж байвал хүүхэд чинь том хүний тусгал юм чинь дуурайгаад уншина. Ядаж хүүхдэд авчирсан ном өөрсдөө уншчихаад хамтдаа уншиж, гарч буй үйл явдлыг нь яриулж, дүгнэж ярилцаж байвал хүүхэд номонд дурлана. Ном уншсанаар хүүхэд цэгцтэй сэтгэж, үгийн баялагтай болж өөрийгөө илэрхийлэх чадвар нь нэмэгдэнэ. Ялангуяа хотын байранд өсч буй хүүхэд үгийн баялаг муутай, гадаад үг хольж ярьсан хүүхдүүд болж өсч байна. Үүнийг ном уншсанаар л засна.
Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Цаашдын тань уран бүтээлд улам их амжилт хүсье.
Баярлалаа, та бүхний ажилд амжилт хүсье.

Ярилцсан Б.Мөнхжаргал