Хүүхдийн зургийн авьяас, төсөөлөн бодох чадварыг хөгжүүлэх талаар үйл ажиллагаа явуулдаг “Ambuulei art” сургалтын төвийн үүсгэн байгуулагч, багш Г.Ариунбилэгийг энэ удаа зочноороо урин ярилцлаа.

– Сайн байна уу, ярилцлага хийх урилгыг хүлээн авсанд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

– Баярлалаа. Намайг Ганболдын Ариунбилэг гэдэг. Зургийн багшаар 12 дэхь жилдээ багшилж байна. Ажлынхаа хажуугаар хүсэл мөрөөдлөө биелүүлээд “Ambuulei art” сургалтын төвийг үүсгэн байгуулаад явж байна.

– “Ambuulei” гэдэг нэр ямар учиртай нэр вэ?

– Гэрийнхэн маань бага байхад намайг “Амбүүлэй” гэж дууддаг байсан юм. Хүмүүс “амбүүлэй”, “амбуулай” гээд л янз янзаар уншиж дууддаг.

– “Ambuulei art ” сургалтын төвийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү. Хэзээ үүсгэн байгуулагдаж байв?

– Би өөрийн хүсэл мөрөөдлийн дагуу 2020 оны 09-р сард пэйж хуудсаа нээж, 2022 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Зургийн бүх төрлийн үйл ажиллагаа явуулдаг сургалтын төв байгаа. Анхандаа зөвхөн canvas, хар зураг, уран зураг, усан будаг гэх мэт зөвхөн зургийн сургалт явуулдаг байсан. Одоо байгууллагуудтай хамтраад хосолсон сургалтууд хийж эхлэж байна.

– Байгууллагуудтай хамтарч сургалт явуулж байгаа талаар та ярилаа. Яг ямар байгууллагуудтай хамтарч ямар ямар сургалт явуулж байгаа вэ?


– Сэтгэл зүй, иогийн төвтэй хамтран сургалтууд зохион байгуулж байна. Одоо 9-р сарын 9-нээс эхлэн иогийн төвтэй хамтарсан сургалтанд авч байна. Сэтгэл зүйн төвтэй өнгөрсөн жилээс хамтарч сургалт явуулж эхэлсэн. Анги дүүргэлтээ хүүхдүүдтэйгээ тулж харьцахын тулд 4-6 хүүхэд л авдаг.

– “Canvas” гэж зургийн төрөл үү, ямар төрөл вэ? Бас кубизм гэж төрөл байдаг тэ?

– Энгийнээр тайлбарлавал canvas зураг нь зургийн зориулалтын давуун дээр зурахыг хэлнэ. Кубизм гэдэг нь объектыг задлаж, задласан объектоо дүрс, өнгөөр илэрхийлэхийг хэлдэг.

– Танай сургалтын төвд зөвхөн хүүхдүүд сурдаг уу? Хэдээс хэдэн насны хүүхдүүд суралцдаг вэ?

– Манай сургалтын төвд 3-18 насны хүүхдүүд мөн том хүмүүс ч сурах боломжтой байдаг. Мөн хүүхдүүдийн хүсэл, сонирхолд зориулж зургийн төрлүүдээр нь хичээллүүлдэг. Байгууллага хамт олны сургалт бас авдаг.

– Зураг зурахын ач холбогдол нь юу юм бэ?

– Зураг зурах үед маш их тайвшрал, мэдрэмж авдаг. Замын түгжрэл, стресс гээд олон бухимдлаас ангирч чаддаг. Зураг зурах бол нэг ёсны бясалгал юм. Зураг зурах тусам мэдрэмж, ур чадвар сайжирдаг.

– Та 12 жил багшилсан байна. Хүүхдүүдтэй ажиллахад ямар байдаг вэ? Яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ?

– Арван жилийн сурагч байхдаа дизайнер болно гэж боддог байсан. Одоо хүсэл мөрөөдлөө биелүүлээд явж байна. Эцэг эх, шавь нараасаа маш их эерэг, урмын сэтгэгдэл хүлээж авдаг. Хүүхдүүдтэй ажиллах маш гоё байдаг. Хүүхэд болгоны насны онцлогт тохируулан хувирч ажилладаг болохоор хүндрэл тэр бүр гардаггүй.

– Шавь нарынхаа бүтээлээс сэтгэлд үлдсэн нь ямар бүтээл байна?

– Би аутизмтэй шавьтай байсан. Тэр хүүхэд хүн зурсан тэр их сэтгэлд үлдсэн. Бүх деталиудыг нь нарийвчлан зурсан байдаг. Шавь нар маань зургаа зураад ирэхдээ маш их гоёоор дэлгэрэнгүй тайлбарладаг нь бас их хөөрхөн санагддаг.

– Эцэг эхчүүд, бяцхан шавь нартай хандаж юу хэлмээр байна?

– Эцэг эхчүүд, шавь нар маань манай сургалтын төвд ирж гоё тайвшрал мэдрээрэй гэж хэлмээр байна. Эцэг эхчүүд хүүхдээ их голдог. Манай хүүхэд юу ч зурж чадахгүй гэж боддог. Хүүхэдтэйгээ ярилцаж, хамт зураг зурж үзээрэй зурж чаддаггүй хүүхэд гэж байдаггүй. Уран зураг, урлагт дурлаж, сонирхож үзээрэй тэгвэл тайвшрал,аз жаргал мэдэрч, бүтээлч сэтгэхүйтэй болно.

Ярилцсан Б.Мөнхжаргал