Өнөөдөр Дэлхийн багш нарын өдөр тохиож байна. Монголынхоо эрхэм багш нарт баярын мэндийг хүргэе. Бид энэ удаа Алтай нутгийн охин, Англи хэлний багш мэргэжилтэй ч авъяасаараа яруу найрагт дурлаж яваа бүсгүй найрагч Мөнхбаярын Солонготой ярилцлаа.

Урилга хүлээн авч, ярилцаж байгаа таньд баярлалаа. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

Намайг Мөнхбаярын Солонго гэдэг. Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн. 2001 онд Боловсрол дээд сургуулийг англи хэлний багш мэргэжлээр төгссөн. Мэргэжлээрээ арван найм дахь хичээлийн жилдээ ажиллаж байна.

Багш байх, багш мэргэжлийн тухай, багш хүний бахархалын юу вэ?
Өглөө ажилдаа их яарч очдог. Хамгийн түрүүнд хүүхдүүдийнхээ инээд, “Багшаа сайхан амарсан уу” гэдэг үгийг сонсох гэж их тэмүүлж, яардаг.

Залуучууд хот зорьж байхад та нутагтаа үлдэж ажиллаж байна. Ямар шалтгаантай вэ?
Хөдөө орон нутагт ажиллахын хамгийн сайхан нь тайван, амгалан байдал. Ус нь үнэгүй, агаар нь цээл, стресс бухимдалгүй байдаг. Чанартай мэдлэгийг хөдөө орон нутгийнхаа хүүхдүүдэд өгөх чин хүсэлтэй.

Та хэрхэн утга уран зохиол, яруу найрагтай холбогдох болов?
Бүр багад аав минь орой бүр үлгэр ярьж өгдөг байсан. Бага байхдаа хонинд явж байхдаа хадыг тайз болгоод, зураглалыг харж шүлэг бичих сэдэл төрж байсан юм даг уу даа.
Таны хамгийн анхны шүлэг ямар шүлэг байсан бэ? Анхны шүлгийн ном нь ямар ном байв?
Миний хамгийн анхны шүлэг “Хавар” гэдэг нэртэй хавар бичсэн шүлэг байдаг. Анхны ном 2019 онд“Солонгын ертөнц” гэдэг нэртэй гарсан. Ээж маань тэр үед өвдөөд би сахиж байлаа. Би ээжийгээ бурхантай булаацалдаж байна гэж бодсон. Тэгээд ээждээ зориулж “Ээж минь та бурханд хэрэггүй” гэдэг шүлгээ бичсэн. Маргааш нь ээж маань зүгээр болоод. Яг тэр үеэс ямар гоё юм бэ, яруу найраг ямар гоё юм бэ гэдгийг мэдэрсэн. /Уйлав/. Миний анхны номыг МЗЭ-ийн гишүүн Н.Пүрэв ах редакторласан.

Уран бүтээлч хүний хувьд ном гаргах бол маш сайхан мэдрэмж байдаг. Сая анхны номоо дурсан ярилаа. Хоёр дахь ном хэвлэгдсэн, гурав дахь номоо тун удахгүй хэвлүүлэх гэж байгаа гэж сонссон.
Тийм ээ. Миний хоёр дахь ном 2020 онд  “Ганц хувь бүсгүй” нэртэйгээр гарсан. Гурав дахь номоо хэвлэлтэнд өгсөн тун удахгүй хэвлэгдэхээр байгаа.

Та хэд хэдэн дууны шүлэг бичсэн байдаг. Энэ тухай
Тийм ээ. Би олон сайхан дууны шүлэгтэй болох хүсэлтэй байгаа. Миний шүлгүүд бол сэдэв нь их монгол ахуйтай ихэвчлэн өөрт төрсөн сэтгэгдэлээ л бичдэг. Миний уран бүтээлийг дэмждэг, хамтран ажилладаг бүх хүмүүстээ баярлалаа. Би хамгийн сүүлд “Хилчний гэргий” нэртэй уран бүтээлийг гаргасан. Уг дууг маань МУГЖ Б.Ганчимэг дуулсан. Мөн ая зохиогч Ж.Болдбаатартай хамтран “Нутаг”, “Амгалан аав” гэх мэт дуунуудыг сүүлийн үед бүтээжээ.
Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Мөн таньд “Дэлхийн багш нарын өдөр”-ийн баярын мэнд хүргэе. Цаашдын тань уран бүтээлд улам их амжилт хүсье.
Баярлалаа, та бүхний ажилд амжилт хүсье.

Ярилцсан Б.Мөнхжаргал