Прокурор хэрэг наймаалцдаг байсан бол орчин цагт цагдаа хэрэг наймаалцдаг болсон байна. Үнэ ханш нь ХОЁР сая төгрөг. Үүний тулд эхлээд айлгана, загнана, хэрэг чинь нотлох баримтаар тогтоогдсон гэх мэтээр сүрдүүлж байгаад аргаддаг. Аргадахдаа би тусална, тэдийг өгчихвөл хэргийг чинь хаана гэж хэлээд ичгүүр сонжуургүйгээр нэхдэг байна.

Яг ийм хэргийг Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөгч А.Тэмүүжин гэгч үйлдсэн байгаа юм.

А.Тэмүүжин нь гэмт хэрэгт холбогдох үедээ Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчийн ажлаас 2020 оны 02 сарын 06-ны өдөр чөлөөлөгдөж, мөн оны 02 сарын 07-ны өдрөөс 2021 оны 09 сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөгчөөр томилогдон ажиллаж байсан юм.

Тодруулбал,  А.Тэмүүжин  нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/114 дугаартай тушаалаар Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа хахуулийн ХОЁР ч хэрэгт холбогдсон байна. Түүний холбогдсон эхний хэрэг нь  Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын З.Г-д  холбогдох эрүүгийн 1905 02743 0310 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах явцдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “хэргийн бодит байдлыг тогтоох”, 6.2 дугаар зүйлд заасан “эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах” албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2021 оны 3 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Мөрдөн байцаах албаны 106 тоот албан өрөөнд, 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхэс” төвийн 2 давхарт иргэн Ц.Б-ээс 2.000.000 төгрөгийг хахууль өгөхийг шаарджээ.

Түүний энэ гэмт хэрэг нь утасны ярианы бичлэг, видео бичлэг зэргээр нотлогддог. Тиймдээ ч А.Тэмүүжин мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар татагдах тайлбар өгөхдөө “… гэм буруугаа ухамсарлаж маш сайн ойлгож байгаа бөгөөд өөрийн биеэр ажлаас хүсэлтээрээ чөлөөлөгдөх өргөдлийг гаргаж шийдвэрлүүлэхээр өгсөн байгаа…” гэж мэдүүлсэн.

А.Тэмүүжиний хувьд энэ хэрэг нь шалгагдаж байсан дахин хахуулийн хэрэгт холбогдож, шүүхээр уг хэргийг одоо ч хэлэлцэж дуусаагүй байна.

Харин хэрэг наймаалцсан, эхний хахуулийн хэрэг дээрээ А.Тэмүүжин шүүхээс ял авсан. Түүний ял нь ЗУРГААН сая төгрөгөөр торгуулах ял юм.

Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байдаг байтал цагдаа бусдад ингэж давуу тал олгож байгаа нь цагдаагийн байгууллага хэн нэгний захиалгаар, шударга бусаар ажиллаж байх вий гэсэн хардлага төрүүлж байна.

Тос дотроосоо өтдөг тул цагдаагийн байгууллага дотооддоо анхаарч энэ мэт “хачиг”-аасаа салах цаг болсныг ЦЕГ-ын дарга Т.Сүхболдта анхаарна уу!!! Мөрийтэй тоглоомчдоос цагдаагийн хурган дарга нар удаа дараа мөнгө авдаг, хилийн чанадад зугаалдаг алба хаагчдын баримт дэлгэгдэж байгууллагаараа шившиг болох вий!!!

А.Баярмаа