Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Баянцогтын нүүрсний уурхайн ордыг ашигладаг “Андын илч” компанийн холбогдох албан тушаалтнуудад зэвсэглэсэн хүмүүс халдсан тухай дуулиан 2023 оны гуравдугаар сард олны анхааралд орсон.
Уг
дээрмийн хэрэгт холбоотой байж болзошгүй хүмүүсийг хууль сахиулах байгууллагынхан төд удалгүй саатуулан шалгаж эхэлсэн билээ. Өмнө нь нэг бус удаа танхай, дээрмийн хэрэгт холбогдон ял шийтгүүлж байсан “Ука” хочтой Л.Алтанхуяг, “Хулнаа” хочтой Б.Хулансамбуу тэргүүтэй хүмүүсийг эл хэрэгт буруутгасан юм. Тэд хэдэн залуутай нийлж “Андын илч” ХХК-ийн Монгол талын захирлуудыг хятад иргэдийн захиалгаар галт зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл ашиглан айлган сүрдүүлж заналхийлсэн гэх үйлдэлд холбогдсон. Мөн тус компанийнхнаас гадна Монгол Улсын иргэн О-д хутга тулган бие, эрх чөлөөнд нь халдан заналхийлж түүний нэр дээрх хөрөнгүүдийг захиалагч руугаа шилжүүлсэн, “Лексус-570” загварын тээврийн хэрэгслийг дээрэмдсэн хэмээн яллагдагчаар татагдсан.“Ука” хочтой Л.Алтанхуяг өмнө нь бусдын эд хөрөнгө дээрэмдсэн, галт зэвсэг ашиглан булаан авсан зэрэг хэрэгт холбогдож байсан бөгөөд хамгийн сүүлд Сүхбаатар дүүргийн нутаг дахь “Элит” орон сууцын хорооллын нэгэн байранд мөрийтэй тоглож байсан хүмүүсийг 2016 онд галт зэвсэг ашиглан дээрэмдсэн үйлдэлд хорих ял шийтгүүлж байсан юм. Тэрбээр саяхан Сүхбаатар
дүүргийн нутаг дахь “Ай лофт” бааранд Т гэх иргэнийг хутгалж хүнд гэмтээсэн гэнэ.
Түүнтэй хамт явж “Андын илч”-ийнхэнд халдсан бусад хүмүүс нь ч урьд нь дээрэмдэх, галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмшиж, бусдыг айлган сүрдүүлж, дарамталсан, иргэдийг зодож хүнд гэмтэл учруулсан зэрэг хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан гэдэг.
“Андын илч”-ийн гэх хэргийг мөрдөн шалгахад дээр дурдсан хоёр хүнээс гадна Н.Батцэнгэл, А.Бадамсэрээжид, Н.Түвшинтөгс, Э.Бошигт, М.Амартүвшин, Б.Ууганзаяа, С.Алтансүх, С.Билгүүн, Н.Алтангэрэл, П.Энхсайхан, Л.Сумъяажаргал, Н.Батдуулга, Ц.Түмэнбаатар, Д.Батмарта гэсэн хүмүүс хамт хэд хэдэн гэмт хэрэг өдүүлсэн нь тодорхой болсон аж. Тиймээс НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 11.1-2.4-ийн зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, 11.6-1 бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, 12.1-2.2, 12.1-2.10-ын хохирогчийг тохуурхан доромжилж бүлэглэн хүчиндсэн, 17.6-2.3-ын зохион байгуулалттай гэмт бүлэглэл бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн, 20.3-1, 2-т заасан зохион байгуулалттай бүлэг байгуулж, түүнд элссэн, 20.16-2.1-ийн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан хэмээн яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Урьд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан, эрүүгийн нөлөө бүхий этгээдүүдэд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал 2024.04.02-ны 10.15 цагт эхэлсэн бөгөөд 18.45 цагт түр завсарлалаа. 2024.04.03-ны лхагва гаргийн 09.00 цагаас хурлыг үргэлжлүүлэхээр болсон байна.