Цагдаагийн алба хаагчид хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулагчдыг хуулийн хүрээнд хамгаалж, түүнийхээ хариуд сар бүрийн орлогоос нь тодорхой хэмжээний хувь авдаг гэх мэдээлэл бий. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиг үүрэгтэй хууль сахиулагчид нь өөрсдөө баримт нотолгоотой хэргийг нуун далдалж, албан тушаалаа ашиглан удаа дараа авлига авсан байж болзошгүй үйлдэл олон нийтэд ил болсон ч хахуулийн хэргээр шалгагдаж буй алба хаагч арга хэмжээ авахуулах  нь бүү хэл цолыг нь нэмж, урамшуулсан тохиолдол гарсан.

Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч, ахлах дэслэгч Г.Тэмүүлэн мөрийтэй тоглоомчдоос сар бүр тогтмол онц их хэмжээний мөнгө бэлнээр авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Мөрийтэй тоглоомчдыг Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл буюу “мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр зохион байгуулж буй шалгалтын явцад мөрдөгч ЭЦА-ны алба хаагчГ.Тэмүүлэн нь хэргийн холбогдогчтой хамааралтай болохыг илрүүлсэн гэх мэдээлэл бий. Улмаар Цагдаагийн албаны дотоод хяналт, шалгалтын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэдэг мэдээллийг Цагдаагийн ерөнхий газраас өгч байв.

Гэтэл гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй мөрдөгч, ахлах дэслэгч Г.Тэмүүлэнгийн цолыг өнгөрөгч 2023 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр нэмж цагдаагийн ахмад болгосон. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс тайлбарлахдаа “Тухайн алба хаагч нь хэрэгт холбогдон шалгагдахаас өмнө цол нэмэх болзол хангасан байсан тул ийнхүү цол нэмсэн” гэдгийг хэлээд “Хэрвээ тухайн алба хаагч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол цолыг нь хураах хууль, журамтай” гэж мэдээлсэн.

Г.Тэмүүлэнг Цагдаагийн Ерөнхий газрын  Дотоод хяналт, аюулгүй байдлын албанаас шалгахдаа өнгөрсөн хугацаанд тайлбар мэдүүлэг аваагүй гэх бөгөөд гэрчийн мэдүүлэг бүхий хоёр хуудас баримт шалгалтын явцад алга болсон гэх мэдээлэл бий. Алга болсон гэрчийн мэдүүлэг нь “Мөрдөгч Г.Тэмүүлэн нь хэргийн холбогдогчоос сар бүр бэлнээр мөнгө авдаг байсан гэх ба албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас авлига авахыг шаардсан, авлига өгөгч этгээдийг дарамталсан” гэдэг агуулгатай байсан ч ийнхүү нотлох баримт устсан гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.

Энэ хэргийн талаар Улсын Ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харилцах албанаас тодруулахад “… Хаагаагүй ажиллагаанд шалгагдаж байна.” гэв.

Цагдаагийн холбогдсон хэрэг уддаг “жамтай”. Харин энэ жамыг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч, ахлах дэслэгч Г.Тэмүүлэн тойрохгүй, дайрч байгаа бөгөөд хэрэг шалгах ажиллагаа удааширч байна.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.

А.Баярмаа