Эрүүгийн хуулийн цоорхойгоос болж прокурор хэрэг наймаалцдаг байсан бол цагдаагийн алба хаагч эрх мэдлээ ашиглан бусдад давуу байдал олгож, хэргийг дураараа хаах тохиолдол гарсаар байна. Үүний нэг жишээ болгож Сүхбаатар дүүүтохиолдлын талаар бид өмнө нь мэдээлсэн.  Тодруулбал, Сүхбаатар дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Т.Оюундарь хүчин болон хулгайн хэргийг нуун дарагдуулж, гэмт этгээдэд давуу байдал олгосон хууль бус үйлдлийн талаар бид  өмнө нь мэдээлж байсан.

Хэргийг эргэн сануулахад, Т.Оюундарь нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт иргэн Б.Н-аас гаргасан “…Өчигдөр орой … улсын дугаартай машинд жолооч нь намайг согтуу байхыг далимдуулаад хүчиндсэн байна…” гэх гомдлыг Шуурхай удирдлагын тасгаас хүлээж аваад бүртгэлд оруулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж гэмт хэрэгт холбогдогч Л.Б-аас 5,800,000 төгрөг хүлээн авч гомдол гаргагч Б.Н-д дамжуулан өгч, Л.Б-т “…гэмт хэрэгт холбогдон шалгагдахгүй байх…”  боломж олгон, давуу байдал үүсгэжээ. Улмаар  хүчин хийсэн болон хулгай хийсэн этгээдийг  гэмт хэргээс хамгаалаад, хохирогчийг нэмж хохироосон байна. Ингэхдээ хүчиндүүлсэн гэх эмэгтэйг худал мэдээлэл өгсөн хэргээр торгосон юм. Анх энэ хэргийг Б-ын эхнэр Д-ээс Цагдаагийн байгууллагын дотоод аюулгүй байдлын хэлтэст Т.Оюундарийн үйлдэлд гомдол гаргасан байдаг.  Үүний дагуу шалгаад гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл байна гээд Авлигатай тэмцэх газар луу шилжүүлсэн байдаг.

Зургийн тайлбар: Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч асан Т.Оюундарь

Гэрэл зургийн эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс 

Уг нь цагдаагийн алба хаагч цагдаагаар ажиллаж эхлэхдээ “Монгол Улсын иргэн би цагдаагийн албанд ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, алба хаагчийн ёс зүй, сахилга, нууцыг чанд сахин, чин шударгаар ажиллаж, шаардлага гарвал амь биеэ үл хайрлан зүтгэхээ батлан тангараглая. Би энэ тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ.” Гэж тангараг өргөдөг. Гэтэл ийнхүү тангарагаасаа буцаж, гэмт хэрэг үйлдсэн цагдаагийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “хөнгөн” ял оноосон. Тодруулбал,

анхан шатны шүүхээс шоронд хорих бус, зорчих эрхийг нь хязгаарлах ял оноожээ. Тодруулбал, нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 01 нэг/ жил, 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оноосон.

Уг нь цагдаагийн алба хаагчийг Эрүүгийн хуулийн 22.1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Уг заалтад зорчих эрх хязгаарлах болон хорих ял оноох заалттай. Харин шүүхээс хөнгөн ялыг нь сонгосон.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Анхан шатны шүүхээс Т.Оюундарийг гэм буруутайд тооцож,  анхан шатны шүүхээс шоронд хорих бус, зорчих эрхийг нь хязгаарлах ял оноожээ. Тодруулбал, нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 01 нэг/ жил, 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оноосон. Давж заалдах шатны шүүх хурал уржигдар /2024.02.28/  болж Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Хэрвээ хэргийн оролцогчид хяналтын шатны шүүхэд хандахгүй бол энэ эцсийн шийдвэр юм. Харин хяналтын шатны шүүхээр хэлцэх бол энэ нь хэргийн эцсийн шийдвэрт тооцогдохгүй.

Бидэнд ирсэн мэдээллээр Т.Оюундарь нь анхан, давж заалдах шатны шүүхээс ял авсан ч өнөөдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр ажиллаж байгаа гэх мэдээлэл байна.

Хэрвээ тийм бол цагдаагийн байгууллага “ялтан” ажилуулж байгаа нь дахин гэмт хэрэг үйлдэх эрсдлийг нэмж байгаа хэрэг юм.

Тиймээс бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.

А.Баярмаа