Өнөөдөр буюу гуравдугаар сарын 22 нь хаврын өдөр, шөнийн тэнцэл юм.

Өөрөөр хэлбэл, өнөөдөр нарны шууд тусгал Экватор дээр байгаа тул дэлхийн бүх газарт өдөр, шөнө тэнцдэг байна.Маргаашаас өдрийн цаг уртсах ба зургаадугаар сарын 22-нд хамгийн урт өдөр тохионо. Түүнээс хойш өдрийн цаг багассаар есдүгээр сарын 22 болоход дахин өдөр, шөнө тэнцдэг.

Мөн түүнээс хойш шөнийн цаг уртассаар 12 дугаар сарын 22-нд хамгийн урт шөнө тохиодог. Жилийн дөрвөн улирлын энэхүү өдрүүдийг монголчууд хавар, зун, намар, өвлийн оргил өдрүүд гэж үздэг байна. Өдөр, шөнө тэнцэх өдөр нар эгц зүүн зүгээс мандаж, эгц баруун зүгт жаргадаг бөгөөд тэнгэрийн хаяан дээр 12 цаг, тэнгэрийн хаяан доор 12 цаг оршдог байна. Өөрөөр хэлбэл, хоёр туйлыг эс тооцвол дэлхий даяар өдөр, шөнө тэнцүү байдаг аж.

Хаврын өдөр, шөнө тэнцэх өдрөөс эхлэн бөмбөрцгийн өмнөд хагаст одон орны хуанлийн намар ирдэг бол хойд хагаст одон орны хуанлийн хавар ирж, зуны туйлын өдөр хүртэл үргэлжилдэг байна.