Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл (ХСУХАТАҮЗЗ)-ийн даргаар ажиллаж байсан Э.Пүрэвжав, түүний эгч Э.Золзодмаа, Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд Солонгосоос өнгөрсөн оны хавар шилжүүлэн авсан Ж.Төгсбаяр нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ. Э.Пүрэвжав эрх мэдлээ урвуулан төрсөн эгч Э.Золзодмаагийнхаа гүйцэтгэх захирлаар ажилладаг, Ж.Төгсбаярыын нэр дээр байгуулсан “Түмэн наяд хайрхан” компанид давуу байдал бий болгож, дээрх зөвлөлд 94.5 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон юм.

Тодруулбал, иргэн Ж.Төгсбаярын нэр дээр 2016 оны тавдугаар сарын 20-нд байгуулсан, Э.Золзодмаа гүйцэтгэх захиралтай дээрх компанитай 2016 оны зургаадугаар сард нэг жилийн хугацаатай сарын дөрвөн сая төгрөгөөр талбай түрээслэх гэрээ байгуулж, “Union building” барилгад 300 ам метр ажлын байр түрээсэлжээ. Гэвч түүнийгээ цааш нь дамжуулан 7.5 саяар түрээслэх давхар гэрээ байгуулж, 2017 оны гуравдугаар сард төлбөрийг нь бүрэн шилжүүлэн 94.5 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгагдаж буй. Ингэхдээ 50 сая төгрөг завшсан гэж хууль хяналтын байгууллагаас үзсэн байдаг. Уг нь түрээслэгч байгууллагатай гэрээ хийхдээ “Түрээслэгч нь өөрийн түрээсэлсэн талбайг гуравдагч этгээдэд дамжуулан худалдах болон түрээслүүлэхийг хориглоно” гэсэн заалт оруулсан ч Ж.Төгсбаяр, Э.Золзодмаа нар зөрчсөн гэдэг. Тэдэнд НПГ-аас 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2-ын “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол учруулсан” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ хэргийг 2023 оны арваннэгдүгээр сард хэлэлцээд Э.Пүрэвжавыг 16.8, Э.Золзодмааг 14.4, Ж.Төгсбаярыг 13.4 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Э.Пүрэвжав, Э.Золзодмаа, тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээлээ.
ХСУХАТАҮЗЗ-ийн даргыг Ерөнхий сайд томилдог. Э.Пүрэвжавын хувьд тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн 2016 оны дөрөвдүгээр сарын 12-ны 51 дүгээр захирамжаар уг албан тушаалд томилогдон ажиллаж байхдаа уг хэргийг өдүүлсэн бөгөөд 2017 оноос өмнө мөрдөж байсан Эрүүгийн хуулийг шүүх, прокурор баримтлан ял шийтгэл оноосон юм.