Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнөөдөр 19:00 цагийн орчимд “Toyota Prius” загварын автомашин “Hyundai Verna” загварын автомашинтай мөргөлдсөн осол гарчээ.

Харамсалтай нь уг ослын үеэр явганаар зорчиж байсан 9-14 насны зургаан хүүхэд, насанд хүрсэн нэг хүн мөргүүлсэн байна.

Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар ослын улмаас нэг хүүхэд нас барсан гэж ЦЕГ-аасмэдээлсэн.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр 16 настай охин бэртлээ даалгүй нас барсан аж. Харин осол гаргасан жолооч эмэгтэй жолооч бөгөөд хааз тормозоо андуурч гишгэсэн гэх мэдээлэл байна.

Мөн хамт явсан 13 настай эрэгтэй хүүхдийн шилбэний яс хугарсан, 13 настай эрэгтэй хүүхдийн хоёр талын дунд чөмөгний хугарсан, 40 настай эмэгтэй тархины битүү гэмтэл авсан, 11 настай эрэгтэй хүүхдийн чөмөг хугарсан, 12 настай эрэгтэй хүүхэд тархины гэмтэл, 8 настай эрэгтэй хүүхэд толгойдоо гэмтэл авчээ. Эдгээр хүмүүс ГССҮТ-д эмчлүүлж байна.