Тэтгэврийн шинэчлэл – сонгуулийн пиар мөн үү?

Монгол Улсын Их Хурлыг сонгох анхдугаар сонгууль нь 1992 онд явагдаж, “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” хэмээн баталгаажуулж байсан түүхтэй. Үүнээс хойш бид хэдэн сонгуулийн нүүр үзсэн бэ? Хэдэн хуулийн төсөл өргөн баригдсан бэ? Түүнээс хэд нь амжилттай хэрэгжсэн бэ?

Улсын их хуралд өргөн баригдсан хуулийн төслийн тоо бидэнд чухал биш. Дэмжигдэн, амжилттай хэрэгжиж байгаа хууль нь л чухал.

Иргэд бид – Хойч үедээ үлдээх амьдралын баталгаа, өвлөгдөн үлдэх баялаг, өв соёл, эрүүл мэнд, боловсролын салбарын чанар, утаагүй Нийслэл зэрэг – нэг ёсондоо ирээдүйн баталгааг л хүсдэг. Харин Улсын Их Хуралд нэр дэвшигч иргэд, гишүүдэд энэ нь тийм ч сонин биш бололтой.

Бас тэдэнд сонгогдохдоо бидэнд танилцуулсан мөрийн хөтөлбөр нь ч чухал биш бололтой.

Учир нь, өнгөрсөн хугацаанд Нийгмийн даатгалын багц хуульд 25 жилийн турш 30 гаруй нэмэлт, өөрчлөлт орсон атлаа Улсын Их Хурлын сонгууль бүрээр Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг хийнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгадаг хэдий ч өдийг хүртэл бид дэлхийн бусад  улс орнуудаас зуу зуун жилээр хоцорч, хойч үеэ эдийн засаг, нийгмийн дарамт шахалт дунд амьдруулах сонголтуудыг хийсээр байна. Гэвч, иргэд бидэнд ямар сонголт байгаа гэж? Сайн сайхныг цээжээ дэлдэн амласныг нь л дотроо найдвар төрүүлэн дэмжинэ, өөр яах билээ? Харин тэдгээр хүмүүсээс бидэнд амласнаа сонгуулийн ээлжит Пи-Ар болгон ашиглахаа зогсоо хэмээн шаардмаар байна.

Өнөөдрийн байдлаар, өнгөрсөн УИХ-ын сонгуульд өрсөлдсөн бүх намын нэр дэвшигчид хувийн тэтгэврийн хуулийг дэмжинэ, тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг хийнэ хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан байсныг та бүхэн сайн санаж байгаа биз ээ. Тэгвэл 5 дугаар сард Ням-Осорын Учрал гишүүний өргөн барьсан “Хувийн тэтгэврийн тухай” хуулийн төсөл 10 дугаар сарын 27-ны өдөр хэлэлцэгдэхдээ 7/7 саналын харьцаатай санал хураалт болж хэлэлцүүлэгт уналаа. Ингээд хуулийн төслийг 10 дугаар сарын 30-ны өдөр Их хурлын чуулганаар дахин хэлэлцэхээр болоод байна.

Татгалзсан гишүүд хэн байв? ХНХЯ-ны сайд асан өөрийн хийж чадалгүй үлдээсэн ажлаа хийлгүүлэхийг хүссэнгүй. Монгол хүн Монголынхоо эзэн нь байна хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгаж, Ерөнхийлөгчид нэр дэвшсэн гишүүн хувийн тэтгэврийн сан, баялгийн сан үүссэнээр Монгол хүн Монголынхоо эзэн суух талаар ухаж ойлгосонгүй. Цаг алдалгүй, элдэв Пи-Ар хийлгүйгээр хувийн тэтгэврийн сангийн хууль эрх зүйн орчинг бүрдүүлснээр ирээдүй хойч үеэ эдийн засгийн хямралаас аврахын зэрэгцээ өөрсдөө ч сэтгэл хангалуун тэтгэвэртээ гарах боломжтой болно. Учир нь, одоогийн энэ байдал үргэлжилсээр байвал нийгмийн даатгалын шимтгэл төлөгч залуус ирээдүйд тэтгэвэр авах боломжгүй, тухайн үед ажлын гараагаа эхэлж буй залуус одоогоос 3 дахин өндөр шимтгэл төлөх асуудал үүсэх юм.