Их наядаар үнэлэгдэх үнэлгээтэй 107 байгууллагын газрууд бүгд төрийн өмчийнх, мөн хотын А бүсэд байрладаг. Хамгийн ашигтай байрлалд хамгийн өндөр үнэлгээтэй төдийгүй 2018 оны зургадугаар сард газрын үнэлгээ тогтоох тухай Засгийн газрын тогтоолоор баталсан газрын суурь үнэлгээний жишгээр тооцоход 94 тэрбум төгрөгт хүрсэн байгаа. Харин зах зээлийн үнэлгээгээр тооцвол их наяд буюу 400 гаруй сая ам.доллар гэсэн үг.


УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, “Газар эзэнгүй, хяналтгүй, бүртгэлгүй байсан. Үүний улмаас дур зоргоороо газраа зардаг, наймаалдаг байсан. Өнөөдрийн хот төлөвлөлтийн бас нэг шалтгаан нь үүнтэй холбоотой. Газрыг бүртгэлгүй байлгах сонирхол түүнийг зарах, наймаалах тэр бүлэглэлд л ашигтай байсан. Тийм учраас газар эзэмших эрхийг заавал бүртгэхээр Бүртгэлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүний үр дүнд 2019, 2020 онд 122.407 газар эзэмших эрх бүртгэгдсэн. Бүртгэлгүйн улмаас сургуулийн захирал, эмнэлгийн дарга нар орчны газраа зараад хувийн зорилгоор ашиглаж байна.

Нийслэлийн өмч байсан Паркийн газар яасан бэ?

Гэмтэл, согог судлалын төв, хоёрдугаар эмнэлэг, гуравдугаар эмнэлэг, Эх нялхас … зэрэг эмнэлгийн газрыг хумсалж, орон сууц эсвэл өөр хувийн байгууллагын оффисын зориулалттай барилга барьсан байна. Энэ бол цэвэр газрын наймаа. Судалгаа харлаа, давхардаагүй тоогоор Улаанбаатар хот дахь төрийн 107 байгууллага хотын А зэрэглэлийн бүсэд 97.7 га газар дээр нийтийн орон сууц барьсан байна. Би батлагдсан зүйл ярьж байгаа шүү, 2018 оны зургадугаар сард газрын үнэлгээ тогтоох тухай Засгийн газрын тогтоолоор баталсан газрын суурь үнэлгээний жишгээр тооцоход дээрх 107 газрын суурь үнэлгээ нь 94 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ бол дундаж үнэлгээ. Харин эдгээр газрыг зах зээлийн үнэлгээгээр тооцвол их наяд хүрнэ. Их наяд гэдэг нь 400 сая ам.доллар шүү дээ. 400 сая ам.долларын үнэ бүхий газрыг төрийн өмчит компанийн дарга нар эзэмшиж байна гэсэн үг…” хэмээн бухимдан ярилцлага өгч байв, хоёр жилийн өмнө.
Нийтдээ 107 төрийн байгууллага өөрсдийн бүсэд багтах газартаа нийтийн орон сууц болон хувийн байгууллагын оффис барьсан байгаа. Эдгээрээс цөөнийг нэрлэхэд Гэмтэл согог судлалын үндэсний төв 2.840 м2, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар 1.776 м2, Улаанбаатар Төмөр зам 19.000 м2, Ерөнхийлөгчийн Тамгын газар 4.050 м2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 5.927 м2, Монголын олон нийтийн радио телевиз 2.922 м2, Олон улсын Найрамдал төв 984 м2, Удирдлагын академи 47.348 м2 газар тус тус эзэмшиж байсан. Төрийн байгууллага газар үнэ төлбөргүй эзэмшдэг. Харин төрийн байгууллагын нэрээр үнэгүй газар аваад орон сууц барьж борлуулж ашиг олдог. Нэг үгээр бол газрын мафи. Ашигтай байрлалд байгаа төрд бүртгэлгүй төрийн өмчийн газрыг зардаг бүхэл бүтэн сүлжээ байдгийн тод жишээ энэ юм.
Яагаад төрийн албан хаагчдын авлига албан тушаалын гэмт хэрэг гэхээр ажлын өрөөнөөс нь хураасан хэдэн төгрөг харуулж, бөөн ажил болж баривчлаад төд удалгүй суллаад, гэнэт хоорондоо зөвшилцөөд нөгөө сүртэй хэргүүд таг чиг болчихдог юм бол. Төрийн нэр барьсан албан тушаалын энэ сүлжээний хамгийн гол судас нь төрийн байгууллагын төрд бүртгэлгүй газрууд учир МАФИ хэмээх том малгайн доор жигдэрч нуугдсан ШУНАЛЫН ХОНГИЛын үзүүрт ГАЗРЫН ХУЛГАЙ … тэр дундаа төрийн данстай байгууллагуудын ГАЗАР байгаа нь гашуун байна.
Нийслэлийн өмч байсан Паркийн газар, Гэмтэл судлалын үндэсний төв, нэгдсэн хоёр, гуравдугаар эмнэлэг, Эх нялхасын газрыг хумсалж орон сууц эсвэл өөр хувийн байгууллагын оффисын зориулалттай барилга барьсан этгээдүүд хэн бэ?

Драмын театрын газрыг сэтэлж зарсан эрх мэдэлтэн хэн бэ?

Хууль эрх зүйн төрөлжсөн мэдээллийн мөрч.мн сайт нийслэлийн төрийн өмчит байгууллагуудын газрын далд наймааны асуудлыг цувралаар эрэн сурвалжилж ажиллаж байна. Энэ удаад бид Улсын Драмын Эрдмийн Театрын газарт баригдсан энэхүү өндөр барилгыг онцолж байна. Улсын Драмын Эрдмийн Театрын захирлын ажлыг 30 жил хийж байгаа Д.Цэрэнсамбуу гэж хүн бий. Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Буриад улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Улсын драмын эрдмийн театрт 30 гаруй жил ажиллахдаа 10-аад жил дэд захирал, 20 гаруй жил ерөнхий захирал хийж байгаа энэ хүнд театрын 90 жилээр Сүхбаатарын одонгоор энгэрээ мялаасан бөгөөд Увс нуур бөхийн дэвжээний захирал гэсэн сонгуульт ажилтай нийгмийн идэвх ихтэй хүн аж. Өөрийгөө “ажилдаа дуртай, театрын зарц” хэмээн ихэд бахдангуй тодорхойлдог Д.Цэрэнсамбуу дарга монголын өв соёл агуулсан театрын газраас Өвөрхангай аймгийн уугуул УИХ-ын гишүүн Р.Бадамдамдин гэгчийн төрсөн дүү Р.Бадамдоржийн 2007 оны гуравдугаар сарын 27-нд хүү Бадамдоржийн Билгүүний хамтаар байгуулсан “Индустр” ХХК-д тасалж өгснөөр Драмын театрын хашаан дотор 33 давхар орон сууц, нийтийн үйлчилгээний цэнгээний газар баригдсан түүхтэй.
Түүнчлэн, Д.Цэрэнсамбуугийн хувьд Драмын театрын өмчит газрыг орон сууц, баар саваар дүүргэж зайгүй болтол зарсныг Эм Си Эс, Айриш баар, ресторан, Алтай констракшн зэрэг байгууллагын эзэмшиж байгаа газраас харж болно. Түүх, соёл, уламжлалт болон орчин үеийн урлагийн хөгжлөөр бахархдаг монголчуудын Монгол Улсын анхны барилгын тоонд зүй ёсоор “Өндөр хоршоо”, Улсын Драмын Эрдмийн Театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний номын сан, Байгалийн музей зэрэг 100 гаруй жилийн түүхтэй эдгээр газруудын барилгууд ордог. Гэтэл этгээд барилгуудыг нурааж оронд нь орчин үеийн шинэхэн барилгууд барих тухай 2013 онд БСШУЯ-ны зүгээс санал гаргаж, “Соёл урлагийн зарим байгууллагын материаллаг баазыг шинэчлэх дунд хугацааны төлөвлөгөө” гэгчийн дагуу хийгдэж байгаа гэсэн тодотголыг дагуулсан.
Хэдийгээр өнөөдрийг хүртэл эдгээр урлаг соёлын түүхийг үнэ цэнийг илтгэж ирсэн түүхэн барилгууд нураагдаагүй байгаа нураахгүй бол болохгүй гэгдэж байсан Улсын Драмын Эрдмийн Театрыг “нураадаггүй юмаа гэхэд өргөтгөхгүй бол болохгүй байна” гэсэн асуудал босч ирсэн нь 2014 он. Ингэснээр Улсын Драмын эрдмийн театрын өргөтгөл гэх нэрийдлээр “орон сууцны барилга, эсвэл оффисын зориулалтаар ашиглагдах нь тодорхой бус” барилга баригдаж эхлэв. Анх 17 давхар барилга баригдана гэгдэж байсанч төд удалгүй 22 давхар, бүрэн баригдаж дуусахад 33 давхар болчихсон уг барилгын гүйцэтгэгч нь “Индустр” ХХК гэж байгаа.
Нэгэн зүйл, уг барилгын карказын ажлыг хийж дууссаны дараа тухайн үеийн Барилга, хот байгуулалтын яамны удирдлагууд ирж “ажлын явц”-тай танилцсан байдаг. Энэ үеэр 22 давхар барилга барих зураг төсөлтэй байсан ч нэмж дөрвөн давхрыг барьсан нь тодорхой болж, өндөр барилгын норм дүрэм, машины зогсоол, ногоон байгууламж зэргийг тооцоололгүйгээр барилгын ажлаа гүйцэтгэж эхэлсэн нь илэрч, үйл ажиллагааг нь зогсоож байв. Энэ барилгыг баригдаж эхлэхээс нийтдээ хоёр ч удаа энэ мэтчлэн байдлаар үйл ажиллагааг нь түр зогсоож байсан ч их хурлын гишүүн ахтай “Индустр” ХХК-ний захирал Р.Бадамдорж гэгч барилгын ажлыг үргэлжлүүлсээр 17 биш 22 дахин дөрвөн давхарыг нэмж 26, тэгснээ дахин зургаан давхар нэмсэнээр бүрэн баригдаж дуусахад 32 давхар болгосон байдаг. Ёстой л эзэнгүй мэт аашилсан эрх мэдэл мөн байгаа биз???
Эх сурвалж, Улсын Драмын Эрдмийн Театрын өргөтгөл нэрээр театрын хашаан дотор буюу улсын өмчийн газар дээр баригдаж эхлэхэд чадлаараа эсэргүүцэж байсан ч хүч хүрээгүй юм. Энэ барилгын нэр нь их гоё “Соёмбот өргөө” гэдэг. Барилгын захиалагч нь “Индустр” ХХК, гүйцэтгэгч нь мөнөөх л “Индустр” ХХК гэж байгаа. УИХ-ын гишүүн Р.Бадамдамдины төрсөн дүү Р.Бадамдорж хүү Билгүүнийхээ хамтаар эзэмшдэг компани юм гэсэн. Гурван давхар гражтай, 32 давхар энэхүү барилгыг Драмын театрын өргөтгөл гэж хэн ч харахааргүй байгаа биз дээ. Одоо энэ байранд айлууд орсон байгаа. Ийм байхад л өргөтгөл гээд хүмүүс зүтгээд байдаг юм. Драмын театрын өргөтгөл барина, дотор нь мини театр босно… гэж их хуурсан, театрын дарга Д.Цэрэнсамбуу нарын хүмүүс. Улайм цайм айлууд ороод м2 нь 6.5 саяас эхэлж зарагдсаар одоо бүүр есөн сая хүрчихсэн байхад Драмын театрын удирдлагууд театрынхаа газрыг бусдад алдчихаад ийм тайван байгаагийн цаана юу нуугдаж байна вэ? гэдэг үнэхээр сонин. Эрх мэдэлтэй хүмүүс харсаар байгаад хүлээн зөвшөөрөөд чимээгүй байхад мань мэт шиг уран бүтээлчид яах ч арга алга. Драмын театрын удирдлагуудад асуудал байгаа гэж хардаж байгаа ч маниусыг үгийг тоох хүн алга даа… хэмээгээд санаа алдсан. Түүнчлэн 32 давхар барилгынхаа хажууд залгаж гурван давхар граж барихдаа хажуу талын орон сууцны газрын нийтийн эзэмшлийн талбай руу халдаж орсон ч иргэд дийлээгүй гэхээр ямар том хүмүүс, ямар их эрх мэдэл уг барилгын бариулсан нь тодорхой мэт.

Төрийн өмчийн газрыг дур мэдэн “тоногчид”

Энэ ганцхан Драмын театрын газар биш!!!! Учир нь “драмын” гэж нэрлэгдэх энэ газарт УБЭТ, УАДБЭЧ, Хүүхэлдэйн театр гэсэн гурван байгууллага байдаг юм байна. Тиймээс анх Драмын театрын өргөтгөл баригдана хэмээн барилгын ажил эхлэхэд тус гурван байгууллагын уран бүтээлчид “одоо л нэг чихэлдэхгүй орон зайд ажиллах нь” хэмээн битүүхэн баярлаж байсан гэнэ. Гэтэл мөнгө, эрх мэдэлдээ бярдаж эрдсэн увайгүй үйлдэл давтагдаж, олон жилийн өмнө Эм Си Эс групп Драмын театрын хашаанд өөрсдийнхөө дураар оффисоо бариад зогсохгүй, Гранд айриш паабын барилга ч боссон харамсалтай түүх байдаг аж. Үүгээр зогсохгүй, Алтай констракшн оффисс барьж байна хэмээгээд Хүүхэлдэйн театрын хажуу талын газрыг авчихсан байж таарч. Тиймээс уран бүтээлчид нэгдэн тэмцэл өрнүүлсэн ч их мөнгө, эрх мэдлийн өмнө хүч мөхөсдөж. Энэ л түүх үргэлжилж эдүгээ Монгол Улсын Драмын эрдмийн театр хэмээн сайхан ордоны эргэн тойронд авьяасандаа баригдаж, алга ташилтад хоргодсон цөөхөн хэдэн жүжигчиддээ ч бараг гишгэх сул газаргүй мэт хашигдсан нь даанч харамсалтай. Авдаг хэдэн төгрөгтөө сэтгэл ханасан авлигыг хараагүй мэт хөлөөр сул хөглөрөх шороон замд тэмтчих цөөхөн хэдэн жүжигчид уран бүтээлчид нь сүүтгэнэсэн Монгол Улсын Драмын театр 90 жилийнхээ түүхэн мөчид 30 жилийн 20 жилд нь дарга, 10 жилд нь орлогч даргаар ажилласан Увс аймгийн уугуул Улаанбаатарын суугуул Урлагийн гавьяат зүтгэлтэн хэмээх нөхрийн гарт ийнхүү хумигдан шуналтай хойд эцгийн гар царайчилсан ядруухан хүү шиг царай даран чахарсан шал, хуучирсан ханын цаастайгаа угтаж байгаа нь даанч харамсмаар…
Харин шуналтай даргын эрх мэдэл дагаж зарагдсан байж болох энэ газарт баригдсан барилга 1000 м2 буюу 32 давхар. Мэдээж, оффисын зориулалтаар ашиглаж, зарагдана гэж тооцоолоход маш их мөнгө яригдана. Учир нь зэргэлдээ байрлах Алтай констракшны оффисын хэрэглээнд зарах өрөөний үнэ м2 нь 3.750 ам.доллар. харин дөнгөж сая баригдаж дуусч байгаа, доороо гурван давхар гражтай Соёмбот өргөө барилгын хувьд м2 хэчнээн хямд байлаа гэхэд 10 саяас буухгүй гэсэн үг. Учир нь энэ барилгын орон сууцны м2-ын үнэн 6.5 саяас 9.2 сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа юм…

Барилга дээр нас барсан хүн Драмын театрын ажилтан байв

Энэ хэрэг 2020 оны гуравдугаар сарын 18-нд Соёмбот өргөө барилга дээр гарсан байдаг. Драмын театрын тайзны гэрэлтүүлэгчээр ажилладаг 50 настай Э-г тухайн өдөр ажлаас нь дуудаж ажиллуулсан бөгөөд тэгэхдээ хажуугийн барилгын лифт суулгахад туслалцуулсан талаар эх сурвалж өгүүлсэн. Харамсалтай нь хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс осол гарч, лифтний худаг руу Э унаж амиа алдсан байдаг. Гэтэл 2020 оны гуравдугаар сарын 18 бол Монгол орон даяар ковидын халдарын тархалтын улмаас хөл хорио тогтоосон үе юм. 2020 оны хоёрдугаар сарын 13-нд орон даяар хатуу хөл хорио тогтоосон учир шаардлагатай буюу зайлшгүй ажиллах салбарынханыг ээлжээр цөөн тоогоор ажиллахыг зөвшөөрөөд бусад нөхцлийг хязгаарласан үе. Гэтэл ийм хөл хориотой байхад гэртээ амарч байх ёстой хүнийг өөр ажлын байранд дуудаж ажиллуулсан эрх мэдэлтэн хэн байв?
Төрийн байгууллагад ажилладаг хэн ч байсан тухайн байгууллагын дээд шатны удирдлагад шууд харьяалагдаж, шаардсан шаардлагыг ямар нэгэн тайлбаргүйгээр гүйцэтгэдэг. Ийм л зарчмыг ягштал барьсан Э хэмээх иргэн тухайн өдөр ажиллах ёсгүй атлаа ажиллаж, хийх шаардлагагүй ажлыг хийснээр амиа алдсан нь энэ. Гэтэл энэ харамсалтай хэргийн талаар өнөөдрийг хүртэл хэн ч сөхөхгүй байгаа нь тухайн хэрэгт хамааралтай эрх мэдэлтнүүд “маш сайн” чармайж ажилласных болохыг нэрээ нууцалсан эх сурвалж мөн өгүүлсэн юм.
Дашрамд дурдахад, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан үйлдвэрлэлийн ослын тоон судалгаанд 2018-2020 оны хугацаанд үйлдвэрлэлийн осол нийтдээ 942 бүртгэгдсэнээс барилгын салбарт 98 осол бүртгэдсэн нь нийт ослын 10 хувийг эзэлж байна. Бүртгэгдсэн ослын дийлэнх нь барилга угсралтын салбарт гарсан бөгөөд ажлын байрны аюулгүй байдлыг хангаагүйн улмаас унаж нас барах тохиолдол хамгийн их бүртгэгддэг байна. Түүнчлэн удирдлагын тогтолцооноос хамаарсан осол 28,5 хувьтай байгаагаас цахилгаан шат суурилагдах нүхний түр хаалтыг стандартын шаардлагад нийцүүлэн хийгээгүй, анхааруулах дохио санамж тэмдэг тавиагүйн улмаас ажилтан осолд өртөх байдал цөөнгүй гарсаныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан судалгаанд тодорхой дурдсан байв.

Сэтгүүлч Х.Ган-Ялалт