Нутгийн сайхан хайрхануудаа нар зөв тойруулаад, хүний сэтгэл, хүсэл залбиралтай нь хоршуулан ганц сайн дуу хийхсэн гээд л бодоод явлаа. Шүлгийг нь биччихээд хөгжмийн зохиолч Сэр-Одтойгоо ярьлаа. Надад хэн ч дуулчихаж болдог, ардын дуу шиг аргамжаад, найрын дуу шиг намбалзаад баймаар ая хэрэгтэй байна аа л гэлээ. Аятай боллоо. Хоёулаа зөвлөлдөж байгаад Тонхил сумын ах дүү хоёроор дуулуулахаар тогтлоо. Нөгөө хоёрыгоо би бараг ялгахгүй шахам. Уулзлаа, учир юуг таниуллаа. Мэргэжлийн дуучид, тэр тусмаа уран бүтээлдээ сэтгэл зүтгэл гаргадаг улс өөр байдаг. Ах дүү хоёр дуучин маань амандаа уусгаад, аялгуундаа уяад л, янзтай хоногшуулаад ороод ирлээ. Сэтгэл хөөрөөд бүгдээрээ дүрсжүүлэх гээд гүйлээ.

Гишүүн Раднаасэд продюссерлэхээр ам алдсан дуулдлаа. Ингээд замд гарлаа. МУГЖ Батболд, түүний дүү СТА Б.Батмэнд нартай хол замд жолоо мушгилаа даа. Сайхан аав ээжийн төрүүлж өсгөсөн, сайхан ах дүү дуучид. Яах аргагүй л манай нутгийн бахархал. Батболд их дотогшоо мэдрэмжтэй, дуу цөөтэй. Гүн бодлогоширсон харц хийгээд араншинтай. Батмэнд яриа, хошин, бас сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Батмэнд ахынхаа дээл хувцас, малгайг янзын сайхан засч тордоно. Батболд гавъяат нэг их намуухан нүд, дуу хоёр гаргачихаад л, талимаарч байгаад засуулаад, цэмбийгээд авна. Бурханбуудай, Ээж хайрхан, Сутай гээд л өнөө хоёр маань дээлээ үүрээд, эсвэл өмсөөд алхаж өгнө дөө. Монгол гутлаа сугавчилна, сурмаг гэгч өмсөөд дэгдэнэ. Юм юм л болно. Хаа очсон газраа Батболд гол зорилго болсон “Алтайн дуу”-наас гадна “Эртний сайхан”, “Үлэмжийн чанар”-аас эхлээд сэтгэл сэргэж бодол хургам аялгууг хангинатал хуурдаж, сэнгэнэтэл хайлна. Уул хайрхадаа баясгаж байгаа нь тэр. Нүдээ аниад, нүгэлт орчлонг мартаад нэг суучихаараа босохгүй шүү дээ. Гэтэл дүү нь Батмэнд хамар нь сэртэлзээд, салхи болон хийсч, адуу болон давхимаар сэртэсхийнэ. За гал тогоонд бол Батмэнд үнэхээр хүн хүргүүлэхгүй. Ээж хайрханд цуйван сэгсрээд, Сутайн бэлд борцтой шөл хийгээд, хийгээд л, найруулагч зураглаач бид хэд идээд, идээд л байна. Адуу мал харахаараа очоод аргадаад, бугуйлдаад, ойртуулаад, малчин болчихно шүү дээ. Мань хоёр багахан гүзээтэй. Зураг авалт болохоор л нөгөө цүдгэрээ татаж байгаад нэг их өргөн бүс тасам орооно, тасартал нь татна. Тэгээд гадуур нь гоё бүсээ голыг нь тааруулаад намбайлгана шүү дээ. Өө тийм, энэ хоёр маань хоёулаа “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг Юндэнгүүд. Ёстой чиг нүд унамаар эртний эдлэл шиг нэг нэг юндэн хийцийн малгайтай. Түүнийх нь улаан залаа салхинд хийсэхээр л монгол ур, байгал, хүн гурав хоршино гэж янзтай. Батболдоос бусад нь бүгд улаан ногоон кофечин. Сүүлдээ нөгөө Батболдыгоо урвуулж аваад, бүгд хамтдаа ганц кофе чанагчаа тойроод л хаврын салхинд гандталаа зогсоно доо. Одоо бодоход Бурханбуудайд цасан шуурга сөрөөд, Ээж хайрханд халуун нар төөнөөд, Аж Богдын өвөрт шороонд дарагдаад, Шаргын говьд шандын ус эргүүлдээд…5000 км газрыг тав хоногт туулаад эргэсэн байдаг юм. Чадлаараа л зүтгэсэн дээ, шандас шавхсан уудам нутаг, уул хайрхад юм болохоор бүгдийг тойрч яаж амжихав. Ээж хайрханы элгэн хүрэн хад чулуудын дунд ингэсхийгээд нэг саатаж билээ. “Алтайн дуу”-гаа you tube-д оруулж амжаагүй л байна, пэйжээс маань 700 мянгаад хүн сонсжээ.

Р.Эмүжин