Е-март сүлжээ дэлгүүр хөл хорионд байгаа ард иргэдэд хүнсний тусламж үзүүлэх “EMART FOOD BANK” аяныг энэ сарын 12-ны өдөр эхлүүлсэн байдаг.


“Тус аян олны сайшаалыг хүлээж, маш олон байгууллага хувь хүмүүс сэтгэл гарган хүчээ нэгтгэн ажиллаж “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэдгээ батлан харуулж байна” хэмээн тэд өөрсдийгөө рекламдаж байсан цаг саяхан.

Гэтэл нөгөөх аян нь шуудай үүрч, хог түүж яваа иргэдэд хүртээлгүй бололтой.
“Гудамжныхан” хэмээн нэрлэгдсэн эдгээр эмзэг бүлгийнхэн хөл хориотой өдрүүдэд хоосон ходоодоо дүүргэхийн тулд ямар сайндаа л хог түүж явах вэ дээ. Үүнийг тус дэлгүүрийнхэн бодолцоогүй бололтой. Тусламжийн хүнснээс авах төдийд хулгайчийн араас хөөж байгаа аятай хөөж туун, тусламжийн сагснаас авч болохгүйг сануулсан байх юм.

Энэ талаар иргэн Ж өөрийн цахим хуудаснаа болсон явдлыг сийрүүлэн бичжээ.

Тэрээр “Иргэд бидний хандив үнэхээр хэрэгтэй хүндээ очиж байгаа юу? Сансарын И-Мартын Фүүд банкны тавиур дүүрэн хэвээрээ байхыг хэдэн орой хараад, сонин юм даа, хоол хүнс хэрэгтэй хүн зөндөө л байгаа даа, хүмүүс санаа зовоод авдаггүй юм болов уу эсвэл яг хэрэгтэй хүмүүс нь энүүгээр явдаггүй бололтой гэж нөхөртэйгөө ярьж байлаа. Тэгээд өнөөдөр И-Март орох гэж явтал үүдэнд нь шуудай үүрсэн ядруу өвөөтэй таараад, энд ийм тавиур байдаг шүү, та ороод хэрэгтэй юмаа авахгүй юмуу гэлээ. Бид хамт орох гэтэл өвөөг оруулсангүй. Тэгэхээр нь үүдний залуутай маргаад авч орлоо. Энэ удаа тавиур дээр нэг уут гурил, будаа л байж таарав. Өвөө аваад гарах гэтэл хүүе хүүе болохгүй, өгөхгүй, хаалгаа хаагаарай гээд хулгайч барьж байгаа аятай юм боллоо. Би бүр гайхаж хоцроод, яахаараа ард түмний үлдээсэн хандивын хүнсийг харваас боломжгүй энэ хүн авч болохгүй билээ, менежер, захирал чинь байвал уулзья гэв. Дэлгүүрийн менежер эмэгтэй олны нүдэн дээр уулзаад яахав, та тэр цаана байгаа өрөөнд ороод уулзаач гэнээ. Гэтэл энгийн иргэд бид хүнснээсээ илүүчлэн байж, энэ мэт хэрэгцээтэй хүнд хүрч байгаа гэж найдан үлдээсэн хүнсийг оюутнуудад өгдөг гэх юм. Өвөө тэгээд оюутнуудаас боломжтой хүн болоод лааз, хуванцар цуглуулж яваа болж таарах нь. Өдрийн турш хэрэгтэй хүмүүс нь аваад, орой үлдсэнийг нь өөр газар хүлээлгэн өгдөг бол ойлгож байна. Бас И-Март байгууллагын зүгээс хандивлаж байгаа бол хэнд өгөхөө өөрсдөө шийдэх нь зүйн хэрэг. Нэг ч төгрөгний зардал гаргаагүй байж, тухайн хүнийг бүлтэлзүүлээд хоосон гаргаж байгаа нь ариун явдал мөн үү. Яагаад ийм маш энгийн, Ид шидийн орны хашаанд өлгөсөн боорцог шиг ФҮҮД БАНК гэж зүйлийг төр засаг, ёс журамтай холиод байгаа юм бэ? Харих замдаа Номин ороод Шэйр боксонд цугласан хүнсийг хүссэн хүн нь авч болох уу гэтэл үгүй, нэгдсэн журмаар өөр газар хүргэдэг гэсэн хариу бас сонслоо.

Мэдээж өвөөд би өөрийн зүгээс бэлэн мөнгө өгөөд нөхцөл байдлыг нь ярилцаад явуулсан. Хөдөөний хүн, хотод орон гэргүй, таван шард христийн сүмд байрлаж, хоол ундтай байгаа хүн байж таарсан тул сэтгэл арай амраад холдсон.

Өнөө өглөө хогоо асгах гээд гарахад эхнэр, нөхөр бололтой 2 хүн хог ухаад зогсож байхтай таараад, цүнхгүй гарсан тул халаасанд байсан 5000-гаа өгсөн. Тиймээс та яг хэрэгтэй хүнд нь өгье гэвэл гэрийнхээ гадаа цаасан хайрцганд хүнс хийгээд тавьбал илүү хүртээмжтэй юм байна шүү л гэж хэлье дээ” гэжээ.