АМЖИЛТТАЙ СТАРТАПЫН ТҮҮХ – 15 насандаа эхлүүлсэн бизнес


Залуухан Англи бүсгүй Хятад хүүхдүүдэд нэр өгөх бизнесээр чамгүй амжилтад хүрч, өдгөө 974,000 Хятад хүүхдэд англи нэр өгчээ. Та бүхэн гайхаж байж магадгүй. Нэр өгснөөр яаж мөнгө олох, бас эцэг эхчүүд нь яагаад өөрсдөө хүүхдэдээ нэр өгдөггүй юм бол гэх зэргээр.
Тэгвэл сүүлийн жилүүдэд Хятадууд хүүхдүүддээ Англи нэр өгөх нь огцом нэмэгдсэн бөгөөд яг энэ хэрэгцээнд нь нийцсэн веб сайт ажиллуулах санааг Биу Жессап хэмээх охин олж харснаар олон зуун мянган долларын ашигтай ажиллаж байна.
Энэ жил 20 настай Жессап нь одоогоос 5 жилийн өмнө буюу 2015 онд 15 настай байхдаа бизнесээ эхлүүлсэн байна. Жессап нь Special Name компанийн үүсгэн байгуулагч төдийгүй, CEO-гоор нь ажилладаг.
Түүний компанийн үндсэн бизнес болох Special name вебсайт нь Хятад эцэг эхчүүдэд соёлын хувьд нийцэх зохимжтой Англи нэрийг хүүхдэдээ өгөхөд нь тусалдаг платформ юм. Жессап бизнесээ эхлүүлсэн эхний жилдээ 200,000 хүүхдэд нэр өгч, 60,000 ам.долларын орлоготой ажилласан байна.

БИЗНЕСИЙН САНААГ ХААНААС ОЛОВ?


15 настай Жессап охин аавтайгаа хамтдаа Хятад улсад аялж явах үед аавынх нь бизнесийн хамтрагч Ван гэх эмэгтэй 3 настай охиндоо нэр өгөхөд туслахыг гуйжээ. Охиноо ямар хүн болгохыг хүсч мөрөөддөг, юу хүлээдэг болохыг нь асуусны дараа сайтар бодож байгаад Элиза гэх нэрийг санал болгосон гэдэг.
Хятад хүмүүс нь барууныхантай харьцах, Англи хэлээр ярих, бичих маш их дуртай, тэр дундаа бизнес харилцаанд орох нь тодорхой учраас унаган Англи хэлтэй хүмүүстэй харилцахад өрнөдийн нэртэй байх нь илүү амар, чухал гэдгийг Хятад эцэг эхчүүд сайтар ойлгосон байдаг.


Энэхүү бодит эрэлт хэрэгцээг мэдэрсэн Жессап охин Их Британидаа эргэж очсон даруйдаа ааваасаа 1980 ам.долларыг зээлж, веб сайт хийдэг freelancer залууг хөлсөлж, вебсайтаа хийлгэх ажилдаа орсон байна.

Бэлтгэсэн Д.Жаргалсайхан