Хотын дарга “Намайг зохион байгуулалттайгаар харлуулж байна” гэв

Өөрийн толгой дээрх бухлыг хараагүй байж бусдын толгой дээрх өвсийг харах гэгчийн үлгэрээр Хотын дарга маань өөрийнхөө буруу бодлогогүй, иргэдийг удаа дараа чирэгдүүлсэн шийдвэр, цагаа олоогүй үг хэллэг, мэдрэмжгүй пиарынхаа бурууг өөртөө болон өөрийн багийнхандаа зүүх дургүй байгаа бололтой.

Тэрбээр твиттерт “Энэ тролл багууд их зохион байгуулалттай байгаа, өмнөх удирдлагуудын булай булхай луйвар шахаануудыг гаргаад ирэх вий гэж та хэдийг хөлсөлсөн болж таарлаа гэж бодож байна.. Ингэх тусам бэлдэж байгаад тус тусад нь үндэслэлтэй хөдөлшгүй нотлох баримтын хамт гаргаад өгнө өө” гэсэн байх юм.

Хотын дарга Д.Сумъяабазарын хөл хорионы үед гаргасан эргэж буцсан шийдвэрүүд нь олон хүнийг бухимдуулсан. Тэр хэрээр иргэд сошиал орчинд бухимдлаа илэрхийлж, түүн рүү янз бүрээр шүүмжлэлтэй хандсан. Бүх нийтийн хөл хорио тогтоосон байхад түүнийг мартсан мэт “Хүүхдийн автобус яаж байна” гэж асуусан бичлэг, сайжруулсан түлш тэвэрч ачиж байгаа фото зураг зэрэг нь аанай л олон нийтийн дургүйцлийг төрүүлж, хийх ажлаа хийлгүй хоосон попорч байна гэх дүгнэлтэд хүргэсэн.

Сошиал орчинд түүнд шүүмжлэлтэй хандаж байгаа иргэдийн эдгээр бодит шүүмжлэлийг мань Хотын дарга хүлээн зөвшөөрөхгүйгээр барахгүй өөрийн нь эсрэг өмнөх дарга нараас явуулж байгаа хар пиар, хөлслөгдсөн троллуудын дайралт гэж харж байгаа нь харамсалтай.

Зүй нь бол тэрбээр нийгмээс ирж байгаа эдгээр бодит шүүмжлэлийг хүлээн авч, цаашид эрхлэх ажил хэрэгтээ тусган, ажлаа сайжруулах нь чухал байлтай.

Хүн хэлэхээс нааш мэддэггүй, цаас чичихээс нааш цоордоггүй гэдэг үгийг эрхэм дарга та санаад цаашдын ажил хэрэгтэй тусгах нь зүйтэй болов уу.

Дашрамд хэлэхэд хэрэв би таны “дайсан” байсан бол таныг муулахад хөрөнгө хүч гаргах шаардлага алга бөгөөд таны хийсэн үйлдэл, хэлсэн үг тань нийгэмд өөрөө бухимдал төрүүлж, таныг иргэдийн дунд дэл сул ярианы бай болж байгааг хараад сууж байх байсан даа.

Т.Энхриймаа