Улс оронд маань цар тахлын аюул нүүрлэж, бүх нийтийн хөл хорионы өдрүүд үргэлжилж байна. Гаднынханд хилээ хаасан монголчуудын  маань дунд ковид-19 яагаад тархав.  Үнэндээ гадаадаас ирсэн иргэдийг 21 хоногийн тусгаарлалтын дэглэм сахиулах үеэр сахилга хариуцлага алдсан зүйл байгааг хаана хаана хүлээн зөвшөөрч, хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцох учиртай.

Юуны өмнө гадаадад амьдарч байгаа  элэг нэгт монголчуудаа эх оронд нь авч ирсэн  төр засгийн шийдвэрийг буруутгах гэсэнгүй. Нэгэнт эх орондоо ирсэн иргэдийг  21 хоногийн хугацаанд тусгаарлалтад байлган, эмчилгээ оношилгооны тусламж үйлчилгээ үзүүлж байсан  эмч эмнэлгийн ажилтнуудыг ч буруутгах аргагүй. Тэгвэл хэн буруутай байж болох вэ.

Гадаадаас ирсэн иргэдээс 21 хоногийн хугацаанд “Энхсаран” сувилалд тусгаарлагдаад гарсан иргэнээс анх Ковид-19-ийн халдвар нийтэд тарсан. Манай зарим сэтгүүлчид “Энхсаран” сувилал хэнийх вэ, яагаад гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах эрхийг тус байгууллагад олгов гэх зэргээр эрэн сурвалжилга хийж байна.

Харин бид  Хууль зүйн сайд Х.Нямбаатарын эрхлэх харьяаны байгууллага болох цагдаа, тагнуулын байгууллагын хариуцлагагүй үйлдэл, хяналт тавьж чадаагүй байдлаас болсон гэж харж байна. Учир нь тусгаарлагдаад 21 хоногтоо хүрч гарах дөхөж байгаа иргэд дээр шинээр тусгаарлуулах иргэд авч ирж нэг сувилалд оруулна гэдэг, усанд ордог нэг шүршүүрт  хүмүүс өрөөнөөсөө гарч ээлжлэн орно гэдгийг хариуцах байгууллага нь цагдаа тагнуулын байгууллагын ажилтнууд. Өнөөдрийг хүртэл тэдний тухай хэн ч ярихгүй байгаа нь ямар учиртай вэ. Хууль зүйн сайд нь орон нутгийн сонгуулийн дараах ялалтын баяраа тэмдэглэн, найр наадам үүсгэж байхад эрхэлсэн байгууллагын албан тушаалтнууд нь хариуцлага алдчихлаа.

Үүний хариуцлагыг Хууль зүйн сайд Х.Нямбаатараас нэхэх ёстой. Үүнийг одоо ярих цаг болсон.

Т.Энрхиймаа