Канадын засгийн газар түүхэндээ дэлхийн 2 дугаар дайнаас хойш хамгийн их мөнгийг Коронавирусын дараах эдийн засгийн тусламжинд зориулахаа зарлалаа. 77 тэрбум ам.доллар буюу 100 тэрбум канад долларыг улсынхаа эдийн засгийг сэргээх хөтөлбөрт төсөвлөсөн байна.


Тусламжийн багцыг Коронавирусын улмаас хамгийн ихээр хохирч, орлогогүй болсон бизнес эрхлэгчдэд нөхөн олговор олгох, удаан хугацааны халамжийн төвүүдэд хөрөнгө оруулалт хийх, Ковид 19-ын вакцины нийлүүлэлтэнд голчлон зарцуулах юм. Уг шийдвэрийг Канадын сангийн сайд Кристиа Фрийленд танилцуулжээ.

Дээрхи эдийн засгийн тусламжийг төсөвт тусгаснаар Канад улсын төсвийн алдагдал нь 2021 оны 3 сард 381.6 тэрбум канад доллар буюу түүхэндээ хамгийн өндөр хэмжээнд очих ажээ. Коронавирусын улмаас Канадад 12,000 хүн нас барж, 376,000 халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Хэдийгээр Канад улсад Коронавирус хүнд туссан ч гэлээ, эдийн засгаа сэргээх, бизнес эрхлэгчдээ авч үлдэхэд гол анхаарлаа хандуулж, түүхэн өндөр хэмжээтэй тусламжийг зарцуулахаар боллоо.
Канад улс Коронавирусын эсрэг үйлчилгээтэй 7 өөр вакцин худалдан авах гэрээ хийгээд байгаа бөгөөд Канад хүн бүрт вакцин хүрэлцээтэй, 1 хүнд 10 тун вакцин ямар ч үнэ төлбөргүйгээр хийгдэх юм.

Бэлтгэсэн Д.Жаргалсайхан