Онцгой байдлын аврагчид, гал сөнөөгчдийн цалин 20 мянган төгрөгөөр нэмэгдсэн бол, хэлтсийн дарга нараас дээшхи албан тушаалтнуудын 138-400 мянган төгрөгөөр нэмэгджээ.
Өөрөөр хэлбэл, галын шугамд эрүүл мэнд, амь насаа хайрлахгүй зүтгэдэг аврагч, гал сөнөөгч, салаан дарга, мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн үнэ цэнэ 20 мянган төгрөгийн үнэтэй.
Ёстой л, ялыг нь тэд үүрч ямбыг нь хэлтсийн дарга нараас дээшхи албан тушаалтнууд эдлэх нь.
Галын шугамд ажилдаг гал сөнөөгч, аврагчдын хувьд өдөр бүр үхсэн, үхэх дөхсөн хүнийг улаан гараараа уснаас, шорооноос, автомашинаас, галан дундаас аврах ажиллагаанд явж, биеийн биш юмаа гэхэд сэтгэл зүйн гэмтэл авсан л байдаг гэдгийг өөрсдөө тэр бүр ил гаргаад байдаггүй ч тэдний ар гэрийнхэн нь хэлдэг.
Энэ талаар иргэн Г.Дөлгөөн өөрийн цахим хуудаснаа “Эшш эвийдээ манай Онцгой байдлын алба хаагчид минь…Хүний хамгийн том эрүүл мэнд бол сэтгэл зүйн эрүүл мэнд шүү дээ!!! Өдөр бүр үхсэн, үхэх дөхсөн хүнийг улаан гараараа уснаас, шорооноос, автомашинаас, галан дундаас аврах ажиллагаанд явах хэнбугай ч сэтгэл зүйн гэмтэл авсан л байдаг байхгүй юу. Шатсан гэрээ хараад уйлалдаж хөл нүцгэн гүйлдэх хүүхдүүд, живсэн нөхрөө амьд гараасай гэж ширтэх тэр эхнэрүүдийн нүд ямар аймар гээч… Маш олон мөр зэрэгцэж алба хааж буй алба хаагчдаас сонссон. Өдөр болсон аврах ажиллагааны дараа ээлжээсээ буугаад гэртээ хариад тэр өдрийн шатсан айл, осгосон хүн, живсэн хүүхэд гээд бүгд нүдэнд харагдаж, шөнө нь зүүдэлдэг гэж .Ийм том сэтгэл зүйгээрээ хохирч ард түмнийгээ авран хамгаалж байхад ердөө л энэ гэж үү дээ хүний урамд сэтгэл зүйч ч гэж тусдаа байхгүй гээд боддоо” хэмээн бичсэн байна.
Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд монголчууд бид хүний эрх, тэгш хүртээмжийн талаар салбар бүрд ярьдаг боловч Онцгой байдлын ажилтан, албан хаагчдад өөр бололтой.
Энх цагт дайны хөдөлмөр эрхэлдэг тэднийг хахаж цацсан хангамжаар тэтгэдэггүй юмаа гэхэд, албан тушаалыг зэргээр нь шударга бус цалин олгож байгаа нь даанч харамсалтай.
Ийм тогтолцооны гажуудал, хөдөлмөрийн шударга бус үнэлгээ байхад хэн аврагч, гал сөнөөгчөөр ажиллаж иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах юм бэ????