УИХ-ын гишүүд дундаа давхар дээл өмсөж, эрх мэдлээ зузаатгасан хүмүүсийн нэг бол Цахим хөгжлийн сайд Н.Учрал. Өнгөрсөн өдрүүдэд түүний мэдэлд байдаг E-mongolia сайтын гацалтын асуудал олны “хараалыг барж” багагүй шүүмжлэл дагуулсан.

Уг шүүмжлэлийн хариуд тэрбээр “Дарханд дата нэмж байршуулсан” хэмээн ам тагласан. Тэгвэл олныг хүүхдийн мөнгөнд анхаарлаа хандуулан гуйж байх хооронд мань хүн эрх мэдлээ ашиглан сошиалтай холбоотой хуулийн төслийг хоёрхон хоногийн өмнө өргөн барьж, өнөөдөр УИХ-ын чуулганаар батлуулахаар болжээ.
Чоно борооноор гэгчээр чухам ямар заалт зүйлтэй болоод иргэдийн анхаарал өөр зүгт байхад “ар хударга”-дсныг бүү мэд. Ямартаа ч, сошиал хэрэглэгчдийн тархийг дараах постоороо угааж, улайрч эхэллээ.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Хүүхдүүд уйлж л байг гэж үү? Хүүхдүүд цахим гэмт хэрэгт өртөн хохирч, бяцхан зүрх нь шимшрэн уйлж, алдрай бие нь хүчиндүүлж, айн ичиж, ад шоо үзэгдэн, буллидүүлж, хүмүүс гутаагдан доромжлогдож, цалин мөнгөө алдаж, мэхлэгдэн залилуулсаар, монгол залуус хүний наймааны эд бараа болсоор байг гэж үү?
Хүнээ гэмт халдлагаас хамгаалах нь төрийн үүрэг. Гэмт хэрэгтнүүд цахим орчинд дураараа дургиж, энхрий бяцхан үрсийг минь амьдаар нь алж байна шүү дээ. Монгол хүнийг дээрэлхэж, залилж, дунд чөмгөөрөө жиргэж байна шүү дээ.
Би Монгол төрд зүтгэснийхээ үр дүнд монгол хүн, монгол хүүхдүүдийнхээ төлөө том гавъяа байгуулж байна гэдэгтээ 100 хувь итгэлтэй байна. УИХ хохирогчийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийг хэлэлцэж байна. 2024 онд сонгогдох эсэх чухал биш. Өнөөдөр хэдэн тролл харааж зүхэвч хойч үе ерөөл өргөх бахархалт өдөр ирнэ ээ.

Эцэг эхийнхээ хайрласан нэр, зүсийг нуусан тролчид(хүн-хогнууд) аа Намайг барьж идвэл идэцгээнэ үү” гэжээ.