Бүх нийтийн бэлэн байдалтай холбоотойгоор зөвшөөрсөн 15 чиглэлээс бусад чиглэлийн үйл ажиллагааг хориглоод байгаа билээ. Үүнд хяналт тавьж ажиллах үүргийг төрийн байгууллагууд хариуцан ажиллаж байгаа. Тухайлбал, цагдаагийн алба хаагчид 08:00-22:00 цаг хүртэл зам дээр зогсож байгаа. Хөл хорионы үеэр дэглэмийг сахиулж, зөрчсөн хүмүүст зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Улаанбаатарчуудын дийлэнх нь гэртээ байгаа энэ цаг үед интернэт худалдаа эрчийг авч байгаа. Харин хүргэлт нь 21:00 цагаас хойш хийгдэж байна. Учир нь зам дээр гарч байгаа цагдаа нар 21 цагийн орчимд бууж байгаа тул цагдаагүй үед хүргэлт хийж байгаа ажээ. Өдрийн цагаар хүргэлт хийсэн тохиолдолд QR кодгүй тул цагдаа нар тэр дор нь буцааж байгаа аж. Тиймээс хүргэлтийн үйлчилгээг зөвхөн оройн цагаар хийгдэж байгаа юм.

Хүргэлт хийж байгаа хүмүүс нь халдвар хамгааллын дэглэмээ сахиж байгаа эсэх нь тун эргэлзээтэй. Энэ нь өөрөө асар их эрсдэл дагуулж байна.

Уг нь хорьвол хорьсон шиг хорих хэрэгтэй. Үгүй бол иргэдийнхээ ажил, цаг, орлого, амьжиргааг дордуулаад баймааргүй байна. Ямар ч үр дүнгүй хөл хорио, логикгүй шийдвэрийн “золиос” иргэд болоод байна.

Шууданг хориогүй тул хүргэлтийн үйлчилгээг албан ёсоор зөвшөөрөх хэрэгтэй. Ингэхдээ зөвхөн халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулах, эс бөгөөс интернет худалдаагаа болиулж олон нийтийг болзошгүй эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй байна.

Хүргэлт, интернет худалдаа гэлтгүй цөөнгүй үйлчилгээ нууцаар ажилласаар байгаа. Үүнд хяналт тавьж, хорио цээрийн дэглэмийг сахиулахгүй бол хөл хорио үр дүнгүй болох эрсдэлтэйг анхаарна уу.