“60 тэрбумын” схем давтагдах уу

Иргэд та бүхэн санаж байгаа бол төрийн албан тушаалыг газар хэлтсийн даргаас эхлээд мэргэжилтэн хүртэл тодорхой ханш тогтоон зарж борлуулан 60 тэрбум төгрөг босгох схемийг 2016 оны сонгуулийн өмнө тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболдод нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй танилцуулснаар эл “хэрэг” эхэлсэн байдаг.

Тэгвэл ийм нөхцөл дахин үүсгэж байж болзошгүй гэмээр үйл явдлууд нийслэлийн хэмжээнд гарах болжээ.

2020 оны 10 сард болсон орон нутгийн сонгуулиар нийслэлийн ИТХ-д МАН үнэмлэхүй олонх болж, нийслэлийн МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж Хотын даргаар томилогдсон.

Д.Сумъяабазар Хотын даргаар томилогдсон даруйдаа багаа бүрдүүлэх нэрээр өмнө нь өөрийн туслах, зөвлөхөөр ажиллаж байсан Ж.Сандагсүрэнг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор томилсон бол өмнө нь түүний өөрийн нь хувь эзэмшдэг Үндэсний хөрөнгө оруулалтын банканд хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Баярчимэгийг нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор томилон ажлаа эхлүүлсэн байдаг.

Зургийн тайлбар: Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Баярчимэг

Хотын дарга ажлаа аваад 3 сар гаруйн хугацаа өнгөрч байгаа хэдий ч өнөөдөр нийслэлчүүдийн хэмжээнд хүрч, иргэдийн сэтгэлд нийцэх ямар ажил хийсэн нь тодорхойгүй хэвээр байна. Харин түүний хамгийн сайн хийж байгаа, төрийн албаны хуулийг ч үл тоон хэрэгжүүлж байгаа ажил бол албан тушаалын томилгоо. Амтай бүхэн Нийслэлийн ЗДТГ, Засаг даргын харьяа байгууллага, агентлагуудын удирдлагууд өмнө Сонгино хайрхан дүүрэгт ажиллаж байсан хүмүүсээр дүүрснийг хэлж байна.

Хотын дарга Д.Сумьяабазарын төрийн албаны тухай хуулийг юман чинээ бодолгүй харьяа газар агентлагийн дарга нарыг сольж байгаа хэргийг “багаа бүрдүүлэх үйлдэл” хэмээн чимээгүй өнгөрөөе гэж бодоход цаашлаад хариуцсан ажлаа гүйцэтгэж байгаа жирийн төрийн албан хаагчид, мэргэжилтнүүд рүү орж, тэдэнд ажлаа өгөхийг шаардах, ажлаас халахыг сануулах зэргээр хандаж байгаа нь эгээтэй л 60 тэрбумын схемийг санагдуулж байна.

Үнэндээ ийм нөхцөл байдал үүсгэх шийдвэрийг Хотын дарга Д.Сумъяабазар өөрөө гаргасан уу, эсвэл түүний нэрийг барьж Хотын орлогч Ж.Сандагсүрэнгийн хэрэгжүүлж буй “төрийн албан тушаалыг зарж борлуулах, мөнгө олох” гэсэн увайгүй үйлдэл үү гэдэг нь удахгүй тодорхой болох биз.

Дашрамд хэлэхэд 2012-2016 онд АН-аас сонгогдон Хотын даргаар ажилласан Э.Бат-Үүл нийслэлийн хэмжээнд төрийн албан хаагчдыг намын харьяаллаар ажлаас нь чөлөөлөөгүй байтал МАН-ын засаглалын үед МАН-аас сонгогдсон Нийслэлийн Засаг даргын багийнхан МАН “суурьтай” албан хаагчдыг ажлаас нь халж, чөлөөлж байгааг хэрхэн ойлгох вэ?

Ямартай ч хотод болж байгаа албан тушаалын ээлж дараалсан халаа сэлгээ бүр удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН өөрөө өөртөө дайсан бэлтгэх, иргэд сонгоггчдын МАН-д итгэх итгэлийг хөсөрдүүлж байгаагийн зэрэгцээ ажлаас чөлөөлсөн албан хаагчдын оронд авч байгаа хүмүүс ямар шалгуураар, ямар нөхцөлөөр төрийн албанд орж байгааг хууль хяналтын холбогдох байгууллагууд шалгах нь зүйтэй бизээ.

Т.Энхриймаа